0

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.10.29) Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуйн нэгж, компаниудын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн нийт төмөр замчид, инженер, техникийн ажилтнууд болон үндэсний компаниудад талархал илэрхийлж, бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэхийн төлөө өдөр, шөнөгүй, хоёр ээлжээр ажилласан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл санхүүжилт, өр төлбөрийг ирэх долоо хоногт бүрэн барагдуулахаа мэдэгдэв.
Түүнчлэн ирэх сарын эхээр төслийн хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд болон бүтээн байгуулалтад оролцсон төмөр замын байгууллагууд, ажилтнуудын төлөөллийг албан ёсоор хүлээн авч уулзахаар болсноо дуулгалаа.
Мөн уулзалтаар Зам, тээврийн яамнаас 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ:
Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болжээ. Энэ том бүтээн байгуулалтыг төмөр замчид та бүхэн бүтээн босгож, хийж чадлаа. Монголын төмөр замчид ирэх жилүүдэд ч зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, эх орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтыг хийж, түүх бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна ** хэмээн онцолж, нийт төмөр замчдад дахин талархал илэрхийллээ.
Тэрбээр мөн ажил хэрэгч, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжиж, төмөр замын байгууллагуудын санал, хүсэлтийг хүлээн авч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй ажиллахаа илэрхийлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.