0

16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж болон хэргийн оролцогч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хаалттай хэлэлцлээ.
Шүүх хурал өчигдөр 17:00 цагийн орчимд эхэлж, дөрвөн цаг орчим үргэлжилсэн байна. Хурлын эхэнд оролцогчдоос шинээр гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хэлэлцсэний дараа шүүгчийн илтгэлийг сонсож, талуудын гомдол, тайлбарыг хүлээн авчээ. Улмаар шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт авсны дараа хуралдааныг завсарлуулсан байна.
Ингээд шүүх бүрэлдэхүүний эцсийн шийдвэрийг өнөөдөр 10:30 цагт танилцуулахаар товложээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-нд анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.
Харин хохирогч охины хууль ёсны төлөөлөгч, ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тиймээс хохирогчийн тал Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаснаар уг хэрэг хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа юм.
Олон нийтийн анхаарлыг татсан уг хэргийн эцсийн шийдвэрийг өнөөдөр танилцуулах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.