dobu.mndobu

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна

Цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдэд суурь тэтгэвэр олгохдоо тавьж буй насны шалгуурыг эргэн харах шаардлагатай байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-аас 2026 оны долоодугаар сарын 2-нд баталсан хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдад өмнө нь тогтоолгосон тэтгэвэр дээр нь суурь тэтгэвэр нэмж олгохоор болсон. Гэвч уг нэмэгдлийг эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн иргэдэд олгохоор заажээ.

Харин цэргийн алба хаагчид ажлын онцлог, өндөр эрсдэл, хариуцлагатай нөхцөлд ажилладаг бөгөөд хуулийн дагуу 40, 50 насандаа цэргийн тэтгэвэрт гарах боломжтой байдаг. Иймээс тэтгэвэр тогтоолгосон ч суурь тэтгэвэр авахын тулд дахин олон жил хүлээх нөхцөл үүсээд байгааг Д.Батлут онцолсон байна.

Тэрбээр цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Энэ асуудлаар УИХ-ын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаарх ажлын хэсэгт ажиллаж, холбогдох өөрчлөлтийг боловсруулах чиглэлээр ажиллаж байгаагаа мөн мэдээлжээ.

Түүнчлэн уг санал, дүгнэлтийг 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан байна.

Д.Батлутын хэлснээр, цэргийн алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор шаардлагатай өөрчлөлтийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хамтран ажиллаж байгаа аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.