0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
“Шинэ цагийн малчин” реалити шоуг хувийн хэвшлийн санаачилгаар бүтээж, малчдын хөдөлмөр, мал аж ахуйн үнэ цэн, уламжлалт соёлыг нийгэмд, ялангуяа залуу үед таниулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд өв соёлоо мэддэг, малчин амьдралыг ойлгож хүндэлдэг шинэ үеийг төлөвшүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтойг хэллээ.
“Шинэ цагийн малчин” төслийн агуулгыг өргөжүүлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.

Хөтөлбөрөөр малчны хөдөлмөрийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Махны үнэ өсөж байгаагийн цаана олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, хүч бий. Тэжээлийн үйлдвэрлэл, нөөцийг нэмэгдүүлж, бага малыг шимт тэжээлээр бордон, үүлдэр угсааг сайжруулж малаас авах ашиг шим, малчдын орлогыг өсгөхийг зорьж байна гэв. Цаг агаарын үзэгдлээс болж эрсдэлд ордоггүй, хөдөлмөрөө хөнгөвчилж, орлогоо нэмэгдүүлсэн, нутагтаа эзэн малчидтай болох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Малын эрүүл мэнд, вакцинжуулалт, гарал үүслийн бүртгэлийг сайжруулж, орон нутагт бүтээгдэхүүн цуглуулах, анхан шатны боловсруулалт хийх төвүүдийг хөргөлт, хадгалалт, тээвэртэй нь холбоно.
Бэлчээрийн даацыг хэмжиж, сэлгээ, нөхөн сэргээлт, хамтын менежментийг дэмжин, худаг, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэттэй холбож, үйлчилгээг нүүдэл дагуулан хүргэнэ гэлээ.

“Шинэ цагийн малчин” төсөл нь уламжлалт малч ухааныг шинэ цагийн дэвшилтэй хослуулан малчдын хөдөлмөрийн үр шимийг нэмэгдүүлэх боломж бийг таниулах зорилготой гэдгийг төсөл санаачлагчид тэмдэглээд Монголын мал аж ахуй тооноос чанарт шилжиж, малчдын хөдөлмөр урт хугацаанд үр ашигтай байж болохыг оролцогчид туршлагаараа харуулж байгааг онцоллоо.
Ерөнхий сайд шилдэг оролцогчдод баяр хүргээд “Та бүхний энэ аялал үүгээр дуусахгүй. Сурсан мэдсэнээ түгээж, залуусыг мал аж ахуйд татан оролцуулж, уламжлалт мэдлэгийг шинэ технологи, бизнесийн арга барилтай хослуулахад манлайлаарай. Засгийн газрын хөтөлбөрийг бодит амьдралд хүргэхэд та бүхний оролцоо, үлгэр дуурайлал чухал” гэлээ.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.