0

Унгар улс гурван хүүхэд өсгөж буй эхчүүдийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр гурван хүүхэдтэй эхчүүд дөрөв болон түүнээс дээш хүүхэд өсгөж буй эхчүүдийн адил татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.
Тус хөнгөлөлт нь хөдөлмөр эрхлэлт болон төрийн албанаас олсон цалин, өвчний үеийн тэтгэмж, хүүхэд асрах тэтгэмж, тодорхой төрлийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийн орлого зэрэг хуульд заасан орлогуудад хамаарна. Харин үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсний болон хөрөнгө оруулалтаас олсон орлогод үйлчлэхгүй аж.
Татварын хөнгөлөлтөд төрсөн болон үрчилж авсан гурван хүүхдээ өсгөж буй эхчүүд хамрагдах бөгөөд одоо гэр бүлийн тэтгэмж авах эрхтэй, эсвэл уг тэтгэмжийг дараалсан 12-оос доошгүй жилийн хугацаанд авч байсан байх зэрэг шалгуур тавигджээ.
Мөн энэхүү татварын чөлөөлөлтийг эдлэхийн тулд эхчүүд жил бүр шинээр хүсэлт гаргах шаардлагатай. Хүсэлтийг ажил олгогч, төлбөр төлөгч байгууллагадаа өгөхөөс гадна Унгарын Татвар, гаалийн үндэсний албаны цахим системээр дамжуулан гаргах боломжтой юм.
Түүнчлэн Унгар улсад нийт орлогынхоо 75-аас доошгүй хувийг татвар ногдуулдаг бөгөөд өөр улсад ижил төрлийн хөнгөлөлт эдэлдэггүй гадаадын иргэд мөн тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд уг чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байна.
Энэхүү бодлого нь олон хүүхэд өсгөж буй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй гэр бүлийн санхүүгийн ачааллыг бууруулахад чиглэжээ.
Эх сурвалж: BPiON
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.