0

Үндэсний статистикийн хорооны өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээллээр Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногоос 854 төгрөгөөр нэмэгдэж, нэг килограмм нь дунджаар 34,442 төгрөгт хүрсэн үзүүлэлттэй гарчээ.
Ингэснээр өмнөх долоо хоногийн дундаж үнэ 33,588 төгрөг байсан бөгөөд долоо хоногийн хугацаанд ойролцоогоор 2.5 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өмнөх долоо хоногоос 0.4 хувиар, өмнөх сараас хоёр хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Махны бусад төрлийн үнийг авч үзвэл үхрийн ястай мах нэг килограмм нь 29,690 төгрөг, хонины ястай мах 24,368 төгрөгийн үнэтэй байна. Харин хүнсний ногоо болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хувьд дотоодын төмс 2,310 төгрөг, өндөг 627 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,529 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Шатахууны үнийн мэдээллээр АИ-92 автобензин литр тутамдаа 3,592 төгрөг, дизель түлш 5,700 төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хороо эдгээр үнийн мэдээллийг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн нийтлэг үйлчлүүлдэг зах, худалдааны цэгүүдээс биечлэн цуглуулсан судалгаанд үндэслэн тооцдог байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.