0

Тавантолгой Түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн шахмал түлшний борлуулалтын баруун чиглэлийн алсын цэгүүдэд ажиллалаа.
Баруун чиглэлийн хамгийн холын цэгүүд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлаж байна. Тус хороонд шахмал түлшний борлуулалтын 12 цэг ажилладаг.
Зургаадугаар хэсгийн борлуулалтын цэг 180 айл өрхөд шахмал түлш борлуулдаг байна. Хоёр өдөрт 10 тонн түлш татан авдаг бөгөөд байнга үлдэгдэлтэй, хүртээмж хангалттай байгааг борлуулагч Б.Ариунжаргал хэлэв.
Тус хорооны Шар хаданд байрлах борлуулалтын 264 дүгээр цэг Улаанбаатар хотоос 78 км-ын алсад байрладаг байна. Цас орсон үед түлшний тээвэр хүндрэлтэй байдгийг борлуулагч Г.Отгончимэг хэлж байна.
Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлш болон хагас коксон түлшийг айл өрхүүдэд нийлүүлж буй. Өнөөдөр ажилласан алслагдсан цэгийн айл өрхүүд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхлоо компанийн удирдлагад илэрхийлж байна. Эрчим хүчний нүүрсэн түлш илүү илчлэг өндөртэй, хүйтэн бүсэд тохиромжтой байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.