dobu.mndobu

Ази-Номхон далайн бүсийн форум Бангкок хотноо зохион байгуулагдаж байна

Ази-Номхон далайн бүсийн форум Бангкок хотноо зохион байгуулагдаж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон БНСУ-ын хамтын ажиллагааны I-KORP хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Ази-Номхон далайн бүсийн форум энэ сарын 11-14-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж байна.

Энэхүү форум нь Ази-Номхон далайн бүс нутагт зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй хөдөлмөрийг дэмжих, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн форум “Үр дүнгээс дараагийн мөчлөг хүртэл: Хиймэл оюун ухааны эрин үе дэх дижитал шилжилт ба хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Форумд Монгол, Камбож, Вьетнам, Филиппин, Тайланд зэрэг улсын Засгийн газрын холбогдох яам, агентлаг, ОУХБ, БНСУ-ын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн яам, түнш байгууллагууд болон ажил олгогч, залуу ажилтнуудын төлөөлөл оролцож байна.

Эхний өдрийн хэлэлцүүлгээр БНСУ, Филиппин, Тайланд улсын төслийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага, сургамжийг танилцуулж, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, дижитал болон ногоон ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо.

Харин форумын хоёр дахь өдөр Монгол, Вьетнам Улсын төслийн хэрэгжилтийн үр дүн, ач холбогдлыг танилцуулах бөгөөд энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан Монгол Улсын туршлага, үр дүнг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход оролцох юм.

Тус форум нь хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн эрин үед хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.