dobu.mndobu

Хайрлуулахын тулд биеэ өөрчилсөн бүсгүй найман жилийн дараа мэс заслын эмчилгээгээ дуусгажээ

Хайрлуулахын тулд биеэ өөрчилсөн бүсгүй найман жилийн дараа мэс заслын эмчилгээгээ дуусгажээ

Германы загвар өмөгч, телевизийн реалити шоуны оролцогч Терезия Фишер (Theresia Fischer) хайртай хүнийхээ хүсэлтээр хөлөө уртасгах мэс засал хийлгэж, үүний улмаас найман жилийн турш олон удаагийн хагалгаа, хүчтэй өвдөлт, сэтгэл санааны хүнд сорилттой нүүр тулсан тухайгаа олон нийтэд хуваалцжээ. 

Тэрбээр 2016 онд 24 настай байхдаа сэтгэл гутралд орж, өөртөө итгэх итгэлээ алдсан байжээ. Тухайн үеийн найз залуу нь хөлөө уртасгуулбал илүү үзэсгэлэнтэй болно хэмээн ятгаж, улмаар Терезия хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэндээ уг мэс заслыг хийлгэхээр шийдсэн байна.

Тухайн үед 170 сантиметр өндөртэй байсан түүний гуяны ясыг мэс заслын аргаар хувааж, тусгай металл төхөөрөмж суулган ясыг аажмаар сунгах эмчилгээ хийжээ. Улмаар дараагийн жилүүдэд шилбэний ясаа мөн уртасгуулснаар нийт өндөр нь 14 сантиметрээр нэмэгдэж, 184 сантиметр болсон байна.

Гэвч гоо сайхны өөрчлөлтийн үнэ түүнд маш хүнд тусжээ. Найман жилийн хугацаанд нийт найман удаагийн мэс засалд орж, хүчтэй өвдөлт, хөдөлгөөний хүндрэл, ясны эдгэрэлттэй холбоотой асуудлуудтай тулгарсан байна. Мөн өвдөлт намдаах эм хэрэглэх шаардлагатай болсон тухайгаа ярьжээ.

2024 оны зургаадугаар сард сүүлийн мэс засалдаа орж, хөлөнд нь суулгасан металл саваа, бэхэлгээнүүдийг авахуулсан байна. Ингэснээр олон жилийн турш үргэлжилсэн мэс заслын эмчилгээний нэгэн том үе шат дууссан юм.

Терезия одоо ч өнгөрсөн хугацаанд туулсан сэтгэл санааны шарх, бэрхшээлээ даван туулах шаардлагатай байгаа ч өөрийгөө эдгээж, амьдралаа шинээр эхлүүлэх хүч чадалтай болсон гэдгээ илэрхийлжээ.

Түүний түүх хайрлуулахын тулд өөрийгөө өөрчлөх шаардлагагүй, харин жинхэнэ хайр хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, дэмжих ёстойг сануулсан олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болж байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.