0

БНСУ-д арваннэгдүгээр сарын 19-нд болсон их, дээд сургуульд элсэх улсын нэгдсэн шалгалт буюу Сүнын (수능) үеэр гар утас ашиглан хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй хэрэг илэрчээ.
Тодруулбал, шалгалт өгч байсан нэгэн сурагч анги дотроос гар утасны камераар зураг авах чимээ сонссон байна. Тэрбээр шалгалтын явцад бусдад саад учруулахгүйн тулд шууд мэдэгдэлгүй, шалгалт дуусахыг хүлээж, завсарлагааны үеэр хянагч багшид энэ тухай мэдээлжээ.
Улмаар шалгалтын зохион байгуулагчид металл илрүүлэгч ашиглан шалгахад нэгэн сурагчийн гутлын улавчны доороос гар утас олдсон байна.
БНСУ-ын Засгийн газар энэ жилээс эхлэн шалгалтын үеэр гар утас болон хиймэл оюун ухаан ашиглан хууль бус үйлдэл гаргаж байгааг илчилсэн мэдээлэл үнэн болох нь тогтоогдвол мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, нэг хэрэгт 100 сая вон буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 270 сая төгрөгийн шагнал олгохоор болсон байна.
Мөн Ерөнхийлөгч Ли Жэ Мён уг урамшууллыг нэг хэрэгт олгох доод хэмжээ бөгөөд хамтран зөрчил гаргасан хүний тооноос хамааран нэмэгдүүлэх боломжтойг дурджээ.
Түүнчлэн энэ удаагийн улсын нэгдсэн шалгалтын үеэр гар утас зэрэг ашиглахыг хориглосон цахим төхөөрөмжтэй холбоотой нийт 111 зөрчил бүртгэгдсэн талаар БНСУ-ын Боловсролын яам мэдээлсэн байна.
Одоогоор гутлын улавчинд гар утас нуусан сурагч уг төхөөрөмжөөр шалгалтын материалыг зураг авсан эсэх, хиймэл оюун ухаан ашиглан хариулт авсан эсэхийг цагдаа болон боловсролын байгууллагууд шалгаж байгаа аж.
Хэрэв хууль бус үйлдэл нь албан ёсоор тогтоогдвол уг мэдээллийг өгсөн сурагч 100 сая воны урамшуулал авах боломжтой юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.