0

АНУ-ын дуучин, Грэммийн шагналт Майли Сайрус найз залуу, хөгжимчин Макс Морандотой гэрлэж, хуримынхаа анхны гэрэл зургуудыг олон нийтэд хуваалцжээ.
Тэд 2026 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Палм-Спрингс хотод гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд даруухан хуримын ёслол зохион байгуулжээ. Хосууд хуримынхаа хар, цагаан гэрэл зургуудыг инстаграм хуудсандаа нийтэлж, цагаан сарнайгаар чимэглэсэн ёслолын талбайд үнсэлцэж буй мөчөө хуваалцсан байна.
33 настай Майли Сайрус хуримын ёслолдоо загвар зохион бүтээгч Энтони Ваккареллогийн урласан “Saint Laurent” брэндийн цагаан торгон даашинз өмссөн бол 28 настай Макс Морандо мөн тус брэндийн хар хослолоор гоёжээ.
Хосууд 2021 оноос үерхэж эхэлсэн бөгөөд анх танилынхаа зохион байгуулсан болзоогоор уулзаж байжээ. Улмаар 2025 онд сүй тавьж, дөрвөн жил гаруй үргэлжилсэн харилцаагаа ийнхүү гэрлэлтээр баталгаажуулсан байна.
Макс Морандо нь “Liily” рок хамтлагийн бөмбөрчин бөгөөд Майлигийн уран бүтээлүүдэд ч хамтран ажиллаж байсан юм. Тэдний харилцаа зөвхөн хувийн амьдралаар хязгаарлагдахгүй, хөгжмийн салбарт ч хамтын бүтээлээр үргэлжилж иржээ.
Хуримын ёслолд Майлигийн ээж Тиш Сайрус, аав Билли Рэй Сайрус, эгч дүүс болон гэр бүлийн бусад гишүүд оролцсон байна. Мөн “The Flaming Lips” хамтлагийн гоцлол дуучин Уэйн Койн хуримын ёслолыг удирдан явуулжээ.
Сануулахад, Майли Сайрус өмнө нь жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж байсан бөгөөд тэд 2018 онд хуримаа хийж, 2019 онд салсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.