0

Эрх баригч МАН 2016 оноос хойш засаглаж байна. Үр дүнд нь өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа хэдэнтээ огцруулж, улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд оров. Нэг нам 10-хан жилд олигтойхон засаглаж чадахгүй бол албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө хэрхэн тэднийг эвдэж болдгийг харуулав.
Ерөнхий сайдын “хаанчлал” нөгөө талаас дарангуйллыг тогтоосон Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас үүдэлтэй МАН-ын улс төр сүүлийн жил хагасын дотор Монгол Улсыг орвонгоор нь эргүүлэв. Ирсэн бол өгөөд явчихаж чаддаггүй эрх мэдлийн амтанд тэр хэтэрхий орсон байна.
Товчхондоо МАН Л.Оюун-Эрдэнээс болж хоёр хуваагдсан. Тэр эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд УИХ дахь МАН-ын бүлгээ 30, 38-аар нь цуу татсан. Ерөнхий сайдаас буусан Л.Оюун-Эрдэнийн тамга Г.Занданшатарт шилжсэн. Угтаа Ерөнхий сайд болсон хүн намын дарга болох учиртай ч Л.Оюун-Эрдэнэ намын тамгаа өгөхийг хүсээгүй. Тиймээс үеийн найз Д.Амарбаясгалангаа сумлан намын даргад зүтгүүлэн намаа авсан ч хууль дүрмийн бус болж таарав.
Мэдээж хорссон тал зүгээр суухгүй. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах операцийг эхлүүлэн зүтгэсэн ч эцэст нь Үндсэн хуулийн цэц Д.Амарбаясгалангийн тал буюу Л.Оюун-Эрдэнийн талд шийдсэнгүй. Ингэж талцсан үеэр энэ улс орноо тэд огт тоохоо больсон. Долоон буудал, Шар хадны иргэдийн амьдрал ямар байх нь тэдэнд огт хамаагүй болсон. Зөвхөн бие биенээ хорлох, унагах гэсэн атгаг санааных нь үзүүрт ард түмэн л хохирч үлдэв.
Л.Оюун-Эрдэнэ нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Иргэний дайн гарч мэднэ. Би талбай дээр гарч ард түмэнтэйгээ тэмцэнэ” хэмээн лоозогнов. Товчхондоо Ерөнхий сайдаас буусан хорсол нь ард түмнийг талцуулж, иргэний дайнд хүргэнэ гэсэн юм.
Одоо бол МАН-ынхан Монголд багтахаа больсон байна. Хотын дарга асан Х.Нямбаатар Канад улсаас лайвдаж, амны зоргоороо дуртайгаа бурж байх болов. Түүний ярьж байгаа зүйлд үнэндээ баримт алга. Хэдэн хүний зураг зоож байгаад үгийн муухайгаар луйварчин, дээрэмчин болгов. Үнэхээр тийм бол ирж хууль хүчний байгууллагад тэр баримтуудаа гаргаж өгөх ёстой юм. Баримт түшиж У.Хүрэлсүхийн гэм бурууг хуулийн байгууллага тогтоох юм.
Монголд багтахаа больсон МАН-ынхан өвлийн утаатай зэрэгцэн гадаад улс руу нисэх болсон талаар иргэд ярьж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АНУ-д байгаа бол садан төрлийн холбоотой гэгдэх Х.Нямбаатар нь Канадад байгаа. Мөн Х.Нямбаатарын улс төрд хөтөлж оруулсан П.Сайнзориг нарын гишүүд Нямбаагаа бараадан Канадад яваа сураг гарав. Эцэс нь энэ бүх тоглолтыг чимээгүй ажиглан, ашигтай байрлалаа хүлээж суугаа Д.Амарбаясгалан Австралид байгаа гэх. Энэ мэтчилэн МАН-ын 30-н бүлгийнхэн хэсэг бусгаараа гадагшаа явж, тохирсон газраа нисэж очоод уулзаж байгаа гэх мэдээлэл бий.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, П.Сайнзориг, Д.Амарбаясгалан нар одоо АТГ-ын харьяанд яллагдагч статустай байцгааж байгаа. Яллагдагч гишүүд маань Монголд багтахаа больж, харь улсад улс төрийн нүүдлээ зурж сууна.
Энэ бүхний үүтгэл нь Л.Оюун-Эрдэнэ юм шүү дээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.