0

Монголын улс төр бужигнаж байна. Бужигнах юу байх вэ. Эрх баригч МАН-ынхан л дотроо толхилцож байгаа хэрэг. Монгол Улс өмнө нь хэзээ ч улс төрийн ийм хямралд орж байсангүй. 2025 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх ганц жилийн хугацаанд юу болж өнгөрснийг эргэн сануулъя.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөв
Түүнийг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх санал хураалтад нийт 114 гишүүн оролцсоноос 102 нь буюу 89.5 хувь нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн юм.
Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд хүргэсэн гол шалтгаан нь нүүрсний хэрэгтэй холбоотой асуудал болон түүнд тавьсан улс төрийн, ёс зүйн шаардлага байв. Түүнийг нүүрсний хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд гарсан.
УИХ дахь АН-ын бүлэг болон зарим гишүүн түүнийг холбогдох асуудлаа хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага тавьж байв. 2025 оны аравдугаар сарын 10-нд УИХ-ын 67 гишүүн түүнийг огцруулах саналыг гаргасан нь улс төрийн шахалтыг улам нэмэгдүүлсэн.
Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулж, өөрийн хүсэлтээр дахин чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар огцруулах шийдвэр гаргасан. Түүнийг огцруулах саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 54 гишүүн санаачлан, 2025 оны аравдугаар сарын 7-нд албан ёсоор өргөн мэдүүлсэн юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, 2025 оны аравдугаар сарын 17-нд огцруулсан. Гэвч уг шийдвэрийн хууль зүйн үндэслэл удалгүй маргаан дагуулж, Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, 08 дугаар дүгнэлт гаргасан байна. Цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол болон түүнийг баталсан ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр Г.Занданшатар Ерөнхий сайдаараа үлдэв.
Харин 2026 оны гуравдугаар сарын 27-нд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн билээ.
НИТХ-ын дарга А.Баярыг огцруулав
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баярыг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ээлжит бус хуралдаанаар огцрууллаа. А.Баярыг огцруулах үйл явц нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилсан нийслэлийн томоохон төслүүдийг хэлэлцэх маргаантай холбогдуулан огцруулав.
Тодруулбал, НИТХ-ын ээлжит хуралдаанаар Туулын хурдны зам болон нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан билээ. НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид ээлжит бус хуралдаан зарлаж, А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Улмаар 31 төлөөлөгч оролцсон хуралдаанаар 29 нь огцруулахыг дэмжсэнээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Харин А.Баяр өөрийг нь огцруулсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Х.Нямбаатар Туулын хурдны замын төсөлд НИТХ-ын улс төрийн дэмжлэг авахыг хүссэн боловч дэмжих боломжгүй гэсэн байр суурь илэрхийлснийх нь төлөө түүнийг огцруулах ажиллагаа явуулсан юм.
Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал албан тушаалаас нь чөлөөлөв.
Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх болсон гол шалтгааныг нийслэлийн нөөцийн махны бэлтгэл, нийлүүлэлт хангалтгүй байснаас үүдсэн махны үнийн өсөлт болон хариуцлага алдсан асуудалтай холбоотой байсан юм.
Түүнчлэн нийслэлийн удирдлагууд иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй хүнсний хангамж, үнийн асуудалд анхаарал хандуулахын оронд Туулын хурдын замын бүтээн байгуулалт, авто замын хашлага солих зэрэг ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулсныг иргэд шүүмжилж байв.
Ерөнхий сайд Н.Учрал тухайн өдөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, тендерүүдийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулах үүрэг өгөв. Үүнд, Туулын хурдны зам болон нийслэлийн бусад томоохон төслийн санхүүжилт, тендер, хэрэгжилтийг шалгах асуудал багтсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чөлөөлөгдөх хүсэлт гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Улсын Их Хуралд хүргүүлсэн.
Түүний ийнхүү чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон гол шалтгаан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой 25 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл олон нийтэд дэлгэгдсэнтэй холбоотой юм.
Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 14-нд Хотын дарга асан Х.Нямбаатар уг төмөр замын төслийн хүрээнд Бодь группээс У.Хүрэлсүхэд 25 сая ам.долларын хахууль өгсөн гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв. Уг асуудал нь 2019 онд хэрэгжиж байсан төмөр замын төсөлтэй холбоотой бөгөөд улс төрийн хүрээнд томоохон маргаан үүсгээд байна.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрт нь холбогдуулан гаргасан авлигын талаарх мэдээллийг эрс няцааж, үндэслэлгүй гүтгэлэг хэмээн тайлбарлалаа. Тэрбээр өөрийн нэр төртэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
У.Хүрэлсүхийн өргөдлийг 2026 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн хуралдаанд оролцсон 18 гишүүний 14 нь буюу 77.8 хувь нь түүний хүсэлтийг дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Монголын улс төрд ганц жилийн дотор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, НИТХ-ын дарга, Хотын даргыг чөлөөлсөн үйл явцаас харагдаж байна.
Монголын түүхэнд Бага хаадын үе буюу Юань улс мөхсөний дараах бутралын үед (XIV зууны сүүлээс XVI зууны эхэн хүртэл) хаан ширээний төлөөх тэмцэл, ноёдын бүлэглэлүүдийн зөрчил, төвлөрсөн төрийн эрх мэдлийн сулрал зэрэг үзэгдэл гарч байв. Зарим тохиолдолд хаадыг өргөмжлөөд удалгүй зайлуулж, өөр хүнийг хаан ширээнд суулгаж байсан нь тогтвортой төв засаг бүрдэхэд саад болжээ. Тэгвэл тэр цаг үе парламентын засаглалтай Монгол Улсад эрх баригч намын дотоод хагарал бутралаар ийнхүү зүсээ хувирган орж ирэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.