dobu.mndobu

“Ногоон автобус”-ны хэргийн А.Ганхуяг нарын хорих ялыг торгох ялаар өөрчиллөө

“Ногоон автобус”-ны хэргийн А.Ганхуяг нарын хорих ялыг торгох ялаар өөрчиллөө

“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүгдэгч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуяг болон бусад гурван хүний өмнө нь оноосон хорих ялыг торгох ялаар өөрчилжээ.

Тодруулбал, өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийн зарим шүүгдэгчид холбогдох хэргийг дахин хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуягийг 40 сая, БНСУ-ын иргэн К.Киэбаумыг 35 сая, БНСУ-ын иргэн Л.Жонсобыг 30 сая, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр тус тус торгох шийдвэр гаргажээ.

Уг хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Үүний дагуу шүүх хуралдааныг дахин явуулжээ.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, “Ногоон автобус”-ны хэрэгтэй холбоотойгоор улсад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг “Тэнүүн-Огоо” ХХК бүрэн төлж барагдуулсан нь ялыг өөрчлөхөд харгалзан үзсэн нөхцөлүүдийн нэг болжээ.

Сануулахад, уг хэрэг нь нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд БНСУ-аас автобус худалдан авахдаа техникийн шаардлага, стандарт зөрчсөн гэх асуудлаас үүдэлтэй. Тодруулбал, худалдан авсан автобуснууд “Евро-5” стандартын шаардлага хангаагүй гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж, улмаар хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн юм.

Уг хэрэгт нийт 24 хүн холбогдсон бөгөөд өмнөх шатны шүүх хурлаар зарим шүүгдэгчид хорих ял оноож байв. Харин энэ удаа хэргийг дахин хэлэлцсэний үр дүнд дээрх дөрвөн хүний хорих ялыг мөнгөн торгууль болгон өөрчилсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.