0

Япон улсын Тоёо их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны судалгааны хүрээлэнгийн “Орон нутгийн дэмжлэгийн боломжуудыг ашиглан хүүхдэд зөвлөгөө өгөх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр арга зүйн сургалтыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тус сургалтын зорилго нь багш, удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг танилцуулах, харилцан туршлага солилцох юм.
Энэ хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Монголын практик жишээнээс суралцах нь” сэдэвт цуврал сургалтын гурав дахь удаагийн сургалтыг цахимаар зохион байгууллаа. Сургалтыг Токиогийн нийгмийн халамжийн их сургуулийн профессор Кореэда Киёхару удирдан явуулсан.
Сургалтад аймаг, нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 33 эрхлэгч, 138 арга зүйч, 1,203 багш, туслах багш, 6 хөдөлгөөн засалч багш, 11 хөгжмийн багш, 5 бусад ажилтан болон эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл оролцож, нийт 1,400 гаруй хүн хамрагдлаа.
Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэгийн багш Ч.Мөнхсайхан, Нийслэлийн Хүүхдийн 12 дугаар цэцэрлэгийн багш А.Бямбадолгор, Л.Эрдэнэтунгалаг, Г.Дашцэцэг, Дорнод аймгийн Хэрлэн суман дахь 14 дүгээр цэцэрлэгийн багш Н.Урансайхан, Х.Саранцэцэг нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, оролцогчид болон зөвлөх багштай хуваалцлаа.
Профессор Кореэда Киёхару багш нарын боловсруулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, практик туршлагад тулгуурлан цаашид анхаарах асуудал болон сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, мэргэжлийн дэмжлэг үзүүлэв.
Энэхүү сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалт, дэмжлэгийг сайжруулах, хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд багш, ажилтнуудын арга зүйн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.