0

Төсвийн байнгын хороо, Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 393 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.24/ Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Б.Жаргалан, Б.Уянга болон Үндэсний аудитын газар, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 30 гаруй хүн оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа уг хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2000 онд баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх хуульчлан зохицуулсан бөгөөд уг хуулийг 2005, 2023 онд тус тус шинэчлэн найруулсан гэдгийг тодотгов.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөөс баримтлах эдийн засгийн бодлого нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийг хангах зорилго болон төрөөс хэрэгжүүлэх үндэсний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага болсон ногоон худалдан авалт хийх механизмыг хуулиар зохицуулах, орчин үеийн технологийн дэвшлээр түгээмэл хэрэглэж буй цахим дэлгүүр, хиймэл оюуныг тендер шалгаруулалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй. Иймд нийгэм, эдийн засгийн байдал хурдацтай хөгжин өөрчлөгдөж, техник, технологийн дэвшлийг нийгмийн харилцаанд өргөнөөр ашиглах шаардлага үүссэн өнөөгийн нөхцөлд худалдан авах ажиллагаа ч шинэ шатанд гарах шаардлагатай болсныг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа.

Мөн 2023 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд “хуульд тусгагдсан зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж эх оронч худалдан авалт, томоохон төслүүдийн худалдан авах ажиллагаа, маргаан шийдвэрлэх тогтолцоо, дүрэм, журам батлахтай холбоотой зарчмын өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй” гэж дүгнэсний дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг Д.Үүрийнтуяа гишүүн дурдав.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг төрийн болон төрийн өмчит компанийн нийт 54 төлөөлөл, 12 төрийн бус байгууллага, хангай, хойд, баруун, говь, зүүн бүсэд 2000 бизнес эрхлэгчдийг оролцуулан хийсэн гэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь батлагдсан хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөөнт байдлыг бий болгож, зах зээлийн үнээр чанартай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах боломжийг бүрдүүлэх, худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хиймэл оюун, технологийн дэвшлийг нэвтрүүлж шуурхай, хялбар тендер шалгаруулалтыг зохион байгуулах гэх мэт гол асуудлуудын талаар саналаа солилцсон, үр өгөөжтэй, ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Үүрийнтуяа гишүүн онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Тэрбээр Улсын Их Хуралд 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 68 зүйл, 907 хэсэг, бүлгээс бүрдэж буйг дурдаад, хуулийн бүтцийг өөрчилж, хамрах хүрээг нь эргэн харсан гэлээ. Мөн хуулийн төсөлд туссан гол өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Төсөлд хөндсөн гол өөрчлөлтүүдийг доорх зурагнаас харна уу.

Хуулийн төслийн хүрээнд олон нийтийн дунд судалгаа хийхдээ “Тендер шалгаруулалтад хамгийн сэтгэл дундуур байдаг асуудал юу вэ” гэх асуултыг тавьсан байна. Судалгаанд оролцогчид бага үнэтэйг нь шалгаруулдаг, стандартыг мөрдөлгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг, жил бүр давтаж хийдэг ажил нь төрийн байгууллага, хувийн хэвшилдээ ч цаг зав үрдэг гэсэн хариултыг түлхүү өгч, шийдэл нэхсэн байна. Иймд хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дараах асуудалд чиглүүлсэн гэдгийг Ц.Батзул дарга танилцуулгадаа онцолсон. Тухайлбал, бага үнээр чанаргүй худалдан авалтын тухайд 2025 оны байдлаар нийт тендер шалгаруулалтын төсөвт өртгийн 75 хувийг ажил, 15 хувийг бараа, 10 хувийг үйлчилгээ эзэлж байна. Харин тендер шалгаруулалтын тоогоор харьцуулбал бараа 54 хувь, ажил гүйцэтгэх 31 хувь байгааг тодотголоо.

Иймд төсөлд шалгарсан этгээдийг харьцуулах үнэ хамгийн бага оролцогчоос сонгох байдлыг өөрчилж, чанар болон үнийн хосолмолоор тендерийн үнэлгээг хийнэ. Санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээний чанарт оноо өгнө. Мөн санхүүгийн саналд оноо өгөх бөгөөд нийт өндөр оноотой буюу чанартай бараа, ажил, үйлчилгээ санал болгосон этгээдийг сонгох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийн хүрээнд цаашдаа олон улсын стандартад нийцсэн цахим платформд төрийн худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээг бүртгэх замаар тендерын тоог багасгах боломжийг чиглүүлжээ. Тухайлбал, 2025 онд 17.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 13,351 тендер шалгаруулалт зохион байгуулсан. 1 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй нийт 4.4 их наядын төсөвт өртөгтэй 36000 тендер шалгаруулалт зарлах шаардлагагүй болох байсан байна гэсэн судалгааний дүнг танилцуулав. Төсөлд дунджаар нэг тендер шалгаруулалтад 28.4 өдөр зарцуулж байгааг ажлын таван өдрийн дотор шийдэгдэх боломжтой болно. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд үнэлгээний хороо байгуулах шаардлагагүй. Ингэснээр төсвийн зардал, хугацаа хэмнэгдэнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

Улмаар төслийн хүрээнд тендер шалгаруулалтад оролцох зардлыг бууруулах зорилт тавьжээ. Тендер шалгаруулалтад оролцоход хамгийн өндөр зардал нь тендерийн баталгаа байдаг байна. Иймд төсөл арга хэмжээг хоёр хуваан, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерийн шалгаруулалтад баталгаа шаардахгүй аж. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг тусгасан байна. Харин 10 тэрбум төгрөгөөс дээш тендер шалгаруулалтад төсөвт өртгийн хоёр хувиар баталгаа байршуулахаар зохицуулсан гэдгийг Ц.Батзул дарга танилцуулгадаа онцолж байлаа.
Мөн тэрбээр хуулийн төсөлд тендерийн шалгуурыг бууруулах, гэрээг хэрэгжүүлэхэд хамааралгүй зохицуулалтыг оруулахгүй байхаар зохицуулсан гэв.
Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлтийг доор зурагнаас харна уу.

Дараа нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн ухааны доктор Б.Баасандорж хуулийн төслийн үр нөлөөний судалгааны талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн хэрэгжилтийг үнэлж байх явцад маргаан шийдвэрлэх явц хамгийн тулгамдсан асуудал байгаа нь харагдсан. 2025 оны байдлаар Сангийн яамны веб хуудас дахь гомдол хянан шийдвэрлэлтийн мэдээг үзэхэд зөвхөн 7-11 дүгээр саруудад шийдвэрлэсэн гомдлын тоо 1188 байна. Иймд гомдол шийдвэрлэх тогтолцоог Сангийн яам болон Монополийн эсрэг газраас салгаж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд шинээр байгуулах, тендер шалгаруулалтын “маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд” төвлөрүүлэх зохицуулалтыг тусган, олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй гэдгийг тэрбээр онцлов. Энэ нь бие даасан хараат бус, мэргэжлийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах агуулгатай гэлээ.

Мөн төсөлд тендер шалгаруулалтын явцад үүссэн гомдлыг эцэслэн хянах чиг үүрэгтэй зөвлөл нь дарга, найман гишүүнтэй, гэмт хэрэг, гэм буруутай нь тогтоогдож байгаагүй, дээд боловсрол эзэмшсэн, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашаагүй байх, худалдан авах ажиллагааны чиглэлээр гурваас дээш жил ажилласан туршлагатай байх шалгуурыг тусгажээ. Түүнчлэн төслийн үр нөлөөг үнэлэх судалгааны тайланд бие даасан зөвлөл байгуулахыг судалгаанд оролцогчдын дийлэнх олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн. Төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд судалгаанд оролцогчдын 42.4 хувь нь тендерийн маргаан таслах зөвлөлийг хуулиар байгуулан, маргааныг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэнийг танилцуулгад дурдсан байлаа.

Доктор Б.Баасандорж танилцуулгадаа, хуулийн хэрэгжилтийн талаарх судалгааны үр дүнд тендер шалгаруулалтын аргын тухайд чадавхид суурилсан хэлэлцээ, урьдчилсан сонголт хийх аргыг төсөлд тусгасан гэлээ.
Хэлэлцүүлэгт тавьсан танилцуулгуудтай холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр тендертэй холбоотой гомдол маргаан хэдэн хувиар буурах, улмаар төр хувийн хэвшлээс бараа, ажил, үйлчилгээ авсан хэрнээ санхүүжилтээ шилжүүлэхгүй хугацаа алддаг ч хүү, торгууль төлдөггүй асуудлыг хэрхэн зохицуулах, дотоодын аж ахуйн нэгжид бараа, бүтээгдэхүүний түүхий эдээ татах, үйлдвэрлэх хугацааг төсөлд хэрхэн тусгасныг лавласан.

Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй хариуцлага сул аж ахуйн нэгжүүд тендерийн сонгон шалгаруулалтад өрсөлдөн төрийн ажил хийхтэй холбоотой зохицууллалтыг эргэн харах шаардлагатай гэж байв.
Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Бараатай холбоотой гомдлын тоо 93 хувиар буурна гэсэн төсөөлөлтэй байна гэдгийг хариултдаа дурдаад, үйлдвэрлэгчдэд тавигдах нийлүүлэлтийн хугацааг тухайн гэрээтэй уялдуулан тавихаар төсөлд тусгасан хэмээлээ. Түүнчлэн тэрбээр, нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдэд ялгамжтай шаардлага тавигдах эрх зүйн орчин бүрдэж байгааг онцлохын зэрэгцээ дотоодод үйлдвэрлэж буй барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт хэвээр үргэлжилнэ гэв.

Хуулийн төсөлд өртэй компанитай гэрээ байгуулна гэж тусгаагүй, тендерт шалгарсны дараа өрөө төлөөд гэрээгээ зурах зохицуулалтыг тусгасан гэсэн тайлбарыг өгч байлаа.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.