0

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг угтан Боловсролын яам, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан цахим сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Жендэрийн салбар зөвлөлийн дарга Т.Ням-Очир нээж, үг хэллээ. Жендэрийн салбар зөвлөлийн дарга хэлсэн үгэндээ Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв бол хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх хамгийн чухал орчин бөгөөд энэхүү аянд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон байдлаар, зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх, харилцан хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх, тусламж авах сувгийг ойлгомжтой болгох чиглэлээр нэгдвэл хамгийн үр дүнтэй байгааг онцлоллоо.
Сургалтын үеэр Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд боловсролын салбар нэгдэж, манайлан оролцож байгаа талархал илэрхийллээ.
НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л.Билгүүн энэхүү аян нь залуучуудыг гол зорилтот бүлэгээ болгож, технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэлд онцгой анхаарахыг тэмдэглэсэн.
Цагдаагийн ерөнхий газрын Дэд хурандаа Э.Баярбаясал охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч З.Ундрах “Бодит ба цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл: таних, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах” сэдвээр мэдээлэл танилцуулж, энэхүү аяны хүрээнд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн суралцагч, багш, ажилтнуудын онцлогт нийцүүлэн сургалтын агуулгад тохируулга хийх, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтад хамрагдсан боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид 2026 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх аяны хүрээнд боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн суралцагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэдээлэл, нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Ингэснээр боловсролын сургалтын байгууллага бүрд хүрч, хүүхэд, өсвөр үеийнхэн бодит болон цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр, эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах, шаардлагатай үед хаана, хэнд хандаж тусламж авах талаар мэдлэг, ойлголттой болох юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.