0

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын ахалсан Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг өнөөдөр /2026.11.24/ хуралдлаа.
Хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд болон Зам, тээврийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Монголын Хөрөнгийн Бирж” ХХК, Хилийн боомтын захиргаа тэргүүтэй төрийн байгууллагуудын удирдлагууд оролцов.
Тус хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын 2026 оны дөрөвдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, валютын дотоодын нөөцийн хадгалах, уул уурхайн болон хөдөө аж аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын чиглэлээр мэдээлэл өгсөн юм.
Мөн “Монголын Хөрөнгийн Бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анар уул уурхайн бүтээгдэхүүний 2026 оны арилжааны тойм мэдээллийг танилцууллаа.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, 2026 оны төсөвт 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд оны төгсгөлд 100 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Төсвийн тодотголд тусгасан экспортын зорилтот түвшинд буюу 20 сая ам.долларт хүрч биелсэн. Ирэх 2027 онд ч экспортын тасралтгүй өсөлтийг хадгалах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд хилийн боомтуудын дэд бүтэц, гаалийн үйл ажиллагаа, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарах, голлох боомтуудад ухаалаг гарцын систем, экспортын урсгалыг саадгүй болгох үүргийг холбогдох албаныханд өглөө.
Уул уурхайн болон ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсоны дараа холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, даалгавар өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.