dobu.mndobu

Нийслэлийн 6 дүүрэг “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөжүүлэхэд хамтран ажиллана

Нийслэлийн 6 дүүрэг “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөжүүлэхэд хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж буй “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн нэгж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-тай хамтран 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХХҮЕГ, нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, НҮБХХ-ийн төлөөлөл зэрэг нийт 48 хүн оролцов.

Уулзалтыг нээж үг хэлсэн ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан ажилд ороход олон талын саадтай иргэдэд зөвхөн ажлын байрны мэдээлэл, зуучлал үзүүлэх нь хангалтгүй тул иргэн бүрийг ажилдаа тогтворжих хүртэл нь дагалдан дэмжих нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цаашдын чиглэл болохыг онцолж, хөтөлбөрийн туршлагыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд дүүргүүдийн оролцоо чухал болохыг тэмдэглэв.

“Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй иргэдийг ажилд бэлтгэх, дагалдан ажиллуулах, ажлын байранд тогтвортой ажиллахад нь хувь хүний хэрэгцээнд тохирсон дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх нэгжийн захирал Ж.Эрдэнэцэцэгийн танилцуулснаар одоогийн байдлаар 817 иргэн хамрагдаж, 227 иргэн ажилд орсон байна. Оролцогчдын 60 хувь нь урт хугацаагаар ажилгүй байсан, өрх толгойлсон, хорихоос суллагдсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд бэрхшээлтэй иргэд бөгөөд ажилд орсон иргэдээс түүвэрлэн мөшгөсөн 98 иргэний 86 нь ажилласаар байна. 

Мөн ХХҮЕГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд хорих байгууллагад байгаа иргэдийг суллагдахаас нь өмнө ажилд бэлтгэж эхэлжээ.

НҮБХХ-ийн техникийн зөвлөх С.Дамбий (Ph.D) хөтөлбөрийн эхний жилийн үнэлгээг танилцуулж, кейсэд суурилсан загвар үр дүнгээ өгч байгааг тэмдэглээд, хэрэгжилтийг өргөжүүлэхийн өмнө нэгдсэн аргачлал батлах, ажилд орсон иргэнийг 3, 6, 12 сарын турш мөшгөх, дүүргийн оролцоог журмаар тодорхой болгохыг зөвлөв. Оролцогчид үнэлгээний санал, зөвлөмж болон хамтын ажиллагааны цаашдын чиглэл, зохион байгуулалтын талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд хэрэгжүүлэх нэгжийн менежер А.Амарзаяагийн танилцуулсан саналын дагуу нийслэлийн 6 дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд зорилтот бүлгийн иргэдийг хөтөлбөрт холбон зуучлах, мэдээлэл солилцох, хариуцсан алба хаагч томилох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай дүүргүүдэд хариуцах алба хаагчаа томилж, иргэдийг хөтөлбөрт цаг алдалгүй холбон шилжүүлэхийг үүрэг болгов. Мөн дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 24 мэргэжилтэн 3 долоо хоногийн турш хөтөлбөрийн кейс менежерүүдтэй хамт бодит иргэдтэй ажиллах кейс менежментийн практик сургалтад хамрагдаж, иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

Хөтөлбөрт хамрагдах иргэдийн бүртгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дахин эхлүүлж, 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл бүртгэнэ. Сонирхсон иргэд харьяа дүүргийнхээ хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, хорооны мэргэжилтэн болон хөтөлбөрийн нэгжид хандана уу.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.