0

Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтоож, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 102 жилийн ойг тохиолдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн нэгдсэн тооллого явуулж цэргийн тангараг давтлаа.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үүрэг, цэргийн алба хаагчийн сахилга, хариуцлага, эх оронч үзлийг бататгах, төрт ёсныхоо түүхэн уламжлал, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх чухал ач холбогдолтой юм.
Цэргийн тангараг давтсаны дараагаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дагуу цэргийн цол болон батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдсан алба хаагчдад шагналыг гардуулж, баяр хүргэлээ.
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штабт шинээр томилогдсон бүрэлдэхүүний Зэвсэгт хүчний Жанжин штабын ажилтны тангараг өргөх ёслол болж, ЗХЖШ-ын удирдлага энгэрийн тэмдгийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм.
Арга хэмжээний төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний хэмжээнд 11 дүгээр сард хэрэгжүүлсэн онцлох ажил, арга хэмжээний үр дүн, ололт амжилтыг танилцуулж, цаашид батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний хөгжлийн зорилт, цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Тэр бээр цэргийн алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, цэргийн сахилга, дэг журам, хариуцлагыг чанд сахин, албаны бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадавхаа тасралтгүй дээшлүүлж, өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэхийг онцлон үүрэг болголоо.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.