0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.11.28/ “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаанд оролцож буй малчид, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид болон иргэдтэй уулзаж, худалдааны үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын нөхцөл байдалтай танилцлаа.
Худалдаанд оролцогч 20 аймгийн 70 гаруй малчин, хөдөө аж ахуйн хоршоо, аж ахуйн нэгж, иргэд лабораторийн шинжилгээгээр хянагдсан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж буйгаа танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Ерөнхий сайд Н.Учрал малчид, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд шууд нийлүүлж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бодитоор бүрдүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх шууд худалдааг өргөжүүлснээр зуучлалын зардлыг бууруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэд чанартай, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авах нөхцөл бүрдэх юм.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хувийн хэвшлийн үйл ажиллагаа, чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төрийн оролцоог бууруулахын зэрэгцээ үйлдвэрлэгчдэд зах зээлд бие даан өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд төр бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй саад, хүндрэлийг арилгаж, бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаашид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтын дэд бүтцийг хөгжүүлэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн мэдээллийг бодит цагт авах нэгдсэн цахим систем нэвтрүүлэх, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүрэх тогтолцоог өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн өргөтгөсөн хугацааг 12 дугаар сарын 1-н хүртэл сунгана гэв. 2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулах юм байна.








Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.