0
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Б. Баярт-Одын “Баян монгол” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Б.Баярт-Од нь монгол зургийг орчин үеийн шинэлэг арга барил, шинэ санаа, үндэсний уламжлалыг хослуулсан олон зуун бүтээлийг туурвиж, монгол зургийг дэлхий дахинаа таниулах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зураач юм. Тэрбээр уран бүтээлийнхээ үзэсгэлэнг оюутан байх цагаасаа буюу 1993 онд Франц Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсоноор эхэлж байжээ. Улмаар 1994-2024 онд Улаанбаатар хотноо зохиогддог шилдэг бүтээлийн Хавар, Намар үзэсгэлэн, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн болон бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж эртний болон өнөөгийн нүүдэлчин монголчуудын аж амьдрал, ёс заншлыг монгол зургийн аргаар дүрсэлсэн бүтээлүүдээ үзэгч олны хүртээл болгож, мэргэжлийн байгууллага, салбарынхан болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан нэгэн юм.Уан бү
тээлч
Уран бүтээлч Ш.Баатар:
-Би өөрөө Монгол зургийн хүн. Б.Баярт-Од манай Монгол зургийн нэгэн төлөөлөгч юм. Өнөөдөр үзэсгэлэнг нь үзэх гээд зориод ирсэн. Монгол үндэсний гэсэн үзэл бодолтой хүн гэж хардаг. Мэргэжлийн үүднээс харахад одоо цагийн хүмүүсээс арай өөр Монгол талаа барьж уран бүтээлээ туурвидаг. Гэхдээ бас орчин үетэйгээ хослуулдаг өвөрмөц хэв маягтай хүн. Миний хувьд энэхүү арга барилыг нь дэмждэг. Бид Монгол хүн болохоор үндэсний гэсэн зүйлээ хадгалж байвал зүгээр санагддаг. Яг Монгол зургийн хуучин хэв маягаар уран бүтээлээ туурвихгүй ч гэсэн энэ бол Монгол хүний бүтээл гэдэг нь харагддаг. Үүгээрээ өвөрмөц ялгаатай. Монгол зургийн үндсэн арга барил нь шороон будаг, усан будаг гэх мэт будаг, техникүүдийг хэрэглэдэг бол энэхүү уран бүтээлүүдэд тосон будаг, акрил түлхүү хэрэглэсэн байна. Тосон будгаар хийсэн нь их зүгээр санагдаж байна.
“Энэ хүн шиг зураач болмоор санагдаж байна”
СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн Монгол зургийн 3 дугаар дамжааны оюутан Э.Ариунтулга:
-Үнэхээр гоё мэдрэмж төрж байна. Мэргэжил нэгт хүнийхээ уран бүтээлүүдийг харахаар урам зориг орж энэ хүн шиг болмоор санагдаж байна. Надад амьтны судалбар зургууд нь таалагдаж байна. Үнэхээр нарийн арга техникээр хийсэн байсан. Мөн таталбар зураг нь зураачийн авьяасыг нь шууд харуулж байна. Тийм болохоор маш сайн зураач байна.
Тэрбээр гадаадын олон улс оронд монголын онгон дагшин байгальтайгаа харилцан шүтэлцээтэй амьдарч ирсэн нүүдэлчин монголчуудын ахуй, соёлын зүй тогтоц, давтагдашгүй содон өнцгөөс уран бүтээлийн үзэсгэлэнгээ Франц, Тайланд, Нидерланд, БНХАУ, ХБНГУ, Бельги, Япон, Австри зэрэг улсад гаргаж монголын түүх, соёл, ахуй, монгол орноо сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний бүтээлүүд дотоод, гадаадын олон уран зураг сонирхогчид болон үндэсний галерей, санд хадгалагдаж буй.
Тухайлбал, Франц Улсын Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд монгол ахуй, амьдрал, үндэсний соёлыг харуулсан “Баянмонгол” /136х188 см/ бүтээл хадгалагдаж монгол зургийн гайхамшгийг дэлхийн хүмүүст таниулж байна.
Энэхүү бүтээлийн тухай Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн, Чингис хаан одонт Жак Уэтерфорд “...1970 онд төрсөн Баярт-Од 2002 онд дөнгөж гучхан настайдаа Монгол Улсаа төлөөлөн ЮНЕСКО-д зориулан уран зургаа бүтээхээр шалгарсан юм. Тэрбээр XXI зууны уран бүтээлч хэдий ч XX зууны уламжлалт хэв маягийг сонгон, тухайн үеийн маягаар зурж, уламжлалт монгол бичгээр гарын үсгээ зуржээ. Тэрээр мөн зотон, торго, арьс, металл зэрэг янз бүрийн материал ашиглан бүтээлээ туурвидаг. Уран бүтээлчийн өвөрмөц, бүтээлч мэдрэмжийг түүний “Баян Монгол” бүтээл нь тодхон харуулна.
Б.Баярт-Од нь монгол зургийн уламжлалт өвөрмөц онцлогийг хадгалан шинэ агуулга хэлбэрээр баяжуулсан нь дүрслэх урлагийн салбарт шинэ өнгө төрх, чиг хандлагыг монгол зурагт бий болгосон юм.
Тэрбээр нүүдэлчдийн ахуй амьдрал, уламжлалт монгол ахуй, байгаль, ан амьтан, монгол хүн, монгол соёлыг харуулсан бүтээлүүд нь өвөрмөц донж, төрхтэй бөгөөд дүрслэлээр хөдөлгөөнтэй, алслалтай, өөрийн өвөрмөц арга барилаар зурдаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Шинэ өглөө”,“Жаргалтай наран”, “Талын өглөө”, “Монгол наадам”, “Ертөнцийн анир”, “Тэнгэрийн заяа”, “Миний нар”, “Өндөр ээж”, “Эртний сайхан”, “Заяаны хэлхээ”, “Сэрүүн сайхан”, “Эмээ”,“ Дуулал”, “Миний аав, ээж, би”, “Шинэ өглөө”, “Хүү”, “Нүүдэлчин” зэрэг шинэ бүтээлүүдээ үзэгч олонд толилуулна” гэжээ.
“Нагтан зургийн арга барилыг ашиглан Монголын бүх ховор амьтдыг амьдаар нь авчирч үзүүлсэн”
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Б.Баярт-Од:
-Энэхүү үзэсгэлэндээ Монгол зургийн 54 ажил авчирсан байгаа. Үүний шалтгаан нь бидний хамгийн сайн мэддэг хэр нь мэдэхээ больчихсон тэр л ажлуудыг авчирсан юм.
Жишээлбэл, муутуу, ган төмөр, тосон будаг, торго гээд Монгол зургийн бүх арга барилыг ашиглаж хийсэн ажлууд байгаа. Бидний таталган монгол бичигтэй яг адил маш богинохон хугацаанд аливаа зүйлийг тэмдэглэж авдаг таталган монгол зураг байсан. Одоо мартагдчихсан учраас байхгүй болчихсон. Тэгээд нэршил нь таталган монгол зураг гэдэг нэршилтэй.
Нагтан Монгол зураг гэхээр хүмүүс хавтгай, бурхан, орон зайгүй гэдэг ойлголт бол үгүй юм. Нагтан зургийн арга барилыг ашиглан монголын бүх ховор амьтдыг амьдаар нь авчирч үзүүлсэн юм.
Ялангуяа залуу уран бүтээлчдэд хэрэгтэй юм болов уу гэж бодоод үзүүлж байгаа юм. Нэг ёсондоо сургалт болно. Цаашаа ямар чиглэлээр явах санаа болно.
Монголыг төлөөлж морин хуур, миний ажил хоёр ЮНЕСКО-д байгаа. Монголын төлөөлөхдөө Марзан Шаравын арга барилтай, тийм ёс уламжлалыг харуулсан 150х200 хэмжээтэй том ажил хадгалагдаж байгаа. Тэр зургийн нэр нь “Баянмонгол”.
Монголчууд өөрийн гэсэн юмтай ард түмэн. Даанч тэрийг мартчихаж гэдгийг л харуулах гэсэн юм.
Уран бүтээлч Ш.Баатар СУИС-ийн Дүрсл
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.