dobu.mndobu

Нүүрсний үнэ 27 хувиар буурч, Монголын эдийн засаг хүнд сорилттой тулгарч байна

Нүүрсний үнэ 27 хувиар буурч, Монголын эдийн засаг хүнд сорилттой тулгарч байна

2025 он гарсаар түүхий эдийн дэлхийн зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн банк болон олон улсын томоохон судалгааны байгууллагуудын таамаглалаар нүүрсний үнэ ойрын хоёр жилд тасралтгүй буурна гэж үзэж байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээний эрсдэл болон шинэ боломжийг зэрэг авч ирж болзошгүй байна гэж үзэж байгаа аж.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байна

Дэлхийн Банкны 2025 оны IV сарын түүхий эдийн зах зээлийн тоймд дурдсанаар, нүүрсний үнэ энэ онд 27 хувиар, 2026 онд дахин 5 хувиар буурах төлөвтэй байна. Энэхүү бууралтыг хөгжингүй орнууд нүүрснээс татгалзах бодлого, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний өсөлт, мөн Хятадын гангийн үйлдвэрлэлийн агшилттай холбоотой гэж дүгнэжээ.

Тухайлбал, коксжих нүүрсний үнэ (ган үйлдвэрлэлд ашиглагддаг гол түүхий эд) 2025 онд тонн тутамд 220 ам.доллар болж буурахаар таамаглагдаж байгаа нь 2022 оны оргил үеэс даруй 35-40 хувиар доогуур түвшин юм. Австралийн гол олборлогчид олборлолтоо танах, борлуулалтын стратегиа өөрчлөх тухай мэдэгдэж эхэлсэн ч үнэ буурах хандлагыг бүрэн зогсоож чадахгүй байна.

Монгол Улсын эдийн засгийн томоохон суурь болсон нүүрсний экспорт дээрх бууралтаас мэдэгдэхүйц хамааралтай хэвээр байна. Монгол Улс 2024 онд БНХАУ руу 83.9 сая тонн нүүрс экспортолсон бол 2025 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Гэвч үнийн бууралтаас шалтгаалан экспортын орлого өсөлтгүй байх магадлал өндөр байгаа билээ. Нүүрсний үнэ буурах нь гадаад валютын орлого буурч, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болзошгүй. Энэ нь төгрөгийн ханш, инфляц, төсвийн хөрөнгө оруулалт зэрэг макро эдийн засгийн олон үзүүлэлтийг доголдуулах эрсдэлтэй. Гэвч эсрэгээрээ, экспортын биет хэмжээ нэмэгдэх нь тээврийн хүчин чадлыг өргөтгөх, төмөр замын ложистик, хил гаалийн шинэчлэл зэрэгт түлхэц болж, дотоодын бүтээн байгуулалтад эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.3 хувиар өснө гэж таамаглаж байгаа юм. Энэхүү өсөлт нь зөвхөн уул уурхай бус, зэсийн экспортыг нэмэгдүүлсэн “Оюу толгой”-н хүчин чадал, хөдөө аж ахуйн сэргэлт, үйлчилгээний салбарын идэвхжил зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.

Иймд Монгол Улс нүүрсээс хэт хамаарсан эдийн засгийн бүтэцтэй хэвээр байвал гадаад зах зээлийн савлагаанд амархан өртөх хэвээр байна. Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ буурч буй энэ цаг үед Монгол Улс дараах гурван чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна:

1. Экспортын зах зээлээ өргөжүүлэх-БНХАУ-аас гадна Энэтхэг, Вьетнам зэрэг шинэ хэрэглэгчдийг хайх;

2. Эдийн засгийн төрөлжилт-Зэс, алт, хөдөө аж ахуй, ноолуур, аялал жуулчлал зэрэг бусад салбарын орлогыг тэлэх;

3. Нүүрсний экспортыг чанартай, үр ашигтай болгох-Тээвэр ложистикийг автоматжуулж, зардлыг бууруулах. Нүүрс зөвхөн Монголын эдийн засгийн тулгуур хэвээр биш, сорилт дагуулсан салбар хэвээр байна. Ийм үед урт хугацааны бодлого, зах зээлийн мэдрэмжтэй менежмент, технологид суурилсан шийдэл л Монголыг урагшлуулах гарц болж чадна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.