dobu.mndobu

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоодох эрхгүйгээр автомашин, мотоцикл жолоодож, зургаан хүний аминд хүрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоодох эрхгүйгээр автомашин, мотоцикл жолоодож, зургаан хүний аминд хүрсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эдгээр хэргийн улмаас нийт 27 хүн хохирсноос зургаан хүн амиа алдаж, 21 хүний эрүүл мэндэд хохирол учирсан байна. Тодруулбал, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.

Хэрэг үйлдсэн хүүхдүүдийн нэг нь 15, тав нь 16, 18 нь 17 настай бөгөөд бүгд эрэгтэй байжээ. Тэдний гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож байхдаа осол гаргасан бөгөөд нэг хүүхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг прокурорын байгууллагаас мэдээлэв.

Шүүхээс дээрх хэргүүдэд таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, 11 хүүхдийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ. Мөн дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бол хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 нас хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцэж, жолоодох эрхийн үнэмлэх авсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршиг, хууль эрх зүйн үр дагаврыг ойлгуулахыг прокурорын байгууллагаас зөвлөжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.