0
Өнөөдөр /2025.06.03/ Өмнөд Солонгосчууд төрийн тэргүүнээ сонгохоор саналаа өгч эхэллээ. Өглөөний 06:00 цагаас сонгогчдын саналыг авч эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү сонгууль нь Өмнөд Солонгосын ардчиллын тогтвортой байдал, ирээдүйн бодлогын чиглэлийг тодорхойлох онцгой ач холбогдолтой гэж дотоод, гадаадын ажиглагчид дүгнэж байна. Сонгуулийн гол өрсөлдөөн Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён болон Ард түмний хүч намын Ким Мүн Су нарын хооронд өрнөж байгаа юм. 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж байсан Ли Жэ Мён энэ удаа 49 хувийн дэмжлэгтэйгээр санал асуулгад тэргүүлж буй нь түүнийг ардчилал, шударга ёсыг илүү хүчтэй хамгаалах нэр дэвшигч хэмээн олон нийт дүгнэж буйгаа аж.
Ли Жэ Мён эдийн засгийн хямралын үед өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцны үнэ хөөргөдлийг хязгаарлах, залуусын ажилгүйдлийг бууруулах зэрэг зорилт бүхий “Шударга Солонгос” хөтөлбөрийг дэвшүүлжээ. Тэрбээр мөн АНУ, Хятад, Япон зэрэг хөрш улсуудтай харилцах гадаад бодлогын тэнцвэрийг хадгалахыг чухалчилж байна.
Нөгөө талд Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Су нь ажил олгогчдод ээлтэй бодлого, үндэсний аюулгүй байдалд чиглэсэн хатуу байр суурьтай ч, одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёлын алдаатай удирдлагыг өмгөөлсөн байр суурь нь ард иргэдийн дунд төдийлөн өндөр дэмжлэг авч чадахгүй байгаа юм.
Түүний дэмжлэг өнөөгийн байдлаар 35 хувьд хүрч байна. Юн Сук Ёлын 2024 оны цэргийн дэглэм тогтоох оролдлого нь Үндсэн хуулийн хязгаарлалтыг зөрчсөн гэж олон нийт үзэж, жагсаал, тэмцлийг өдөөсөн. Улмаар Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болж, хугацаанаас өмнөх сонгуулийг зарласан билээ.
Шинэ Ерөнхийлөгчийн өмнө тулгарах сорилтууд
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч дараах үндсэн чиглэлүүдэд шийдэл гаргах сорилттой тулгарч байна:
1. Улс төрийн тогтворгүй байдал-Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хямралын дараа эрх мэдлийн тэнцвэрийг сэргээх;
2. Эдийн засаг-инфляц, амьжиргааны өртөг, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт;
3. Залуусын ирээдүй-Ажилгүйдэл, боловсролын өрсөлдөөн, нийгмийн тэгш бус байдал;
4. Гадаад харилцаа-Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, АНУ-Хятад-Солонгос гурван талт харилцаа. Мөн өмнөх Ерөнхийлөгчийн үед баримталж байсан зарим бодлогын залруулгыг хийх хэрэгцээ нийгмийн бүх түвшинд илэрхий болжээ.
Энэ удаагийн сонгууль нь урьд өмнөхөөс ялгаатай нь, ялсан нэр дэвшигч ямар нэгэн шилжилтийн хугацаагүйгээр шууд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөн ажилдаа орох зохицуулалттай юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.