dobu.mndobu

Х.Бат-Ирээдүй: Өдөрт дунджаар улаанбурханы 150-250 тохиолдол батлагдаж байна

Х.Бат-Ирээдүй: Өдөрт дунджаар улаанбурханы 150-250 тохиолдол батлагдаж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдөр /2025.06.13/ улаанбурхан өвчний улмаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны дарга Х.Бат-Ирээдүй: 2025 оны зургаадугаар сарын 13-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурханы халдвар 7,174 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс улаанбаатар хотод 6,245 тохиолдол өссөн дүнгээр бүртгэгдсэн. Нийслэлд дунджаар өдөрт улаанбурханы онош 150-250 тохиолдол батлагдаж байна.  Үүний 70-80 орчим хувь нь 5-18 насны хүүхдүүдэд илэрч байгаа юм. 5-18 насны хүүхдүүдийн вакцинжуулалтад 55 орчим хувь нь гүйцэт хамрагдаагүй мөн огт хамраагдаагүй гэсэн тоон мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 130 гаруй сургуулиудад улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. Иймд бид 11 сургуулиудад голомтыг зогсоох хариу арга хэмжээ авч ажилласан. Цэцэрлэгүүдийн хувьд 16 цэцэрлэгт улаанбурханы тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл 16 цэцэрлэгт улаанбурхан бүртгэгдсэнээс вакцины 2 дугаар тундаа 1,117 хүүхдүүд бүрэн хамрагдсан. Огт хамрагдаагүй эсвэл 2 дугаар тунгаа хийлгээгүй 74 хүүхдүүд байна. Ерөнхий боловсролын 130 сургуулиудад гарсан тохиолдолд хавьтлын судалгаа хийж 35,488 хавьтлыг тодорхойлсон. Үүнээс 2 дугаар тундаа бүрэн хамраагдсан 14,924 хүүхэд буюу 42 хувийг эзэлсэн. Харин вакцинжуулалтын 1 дүгээр тунд орсон болон огт хамрагдаагүй 20,564 хүүхдээс 16,003 хүүхдэд вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж 81,7 хувьтай хамрагдсан. 

Нийслэлийн эрүүл мэндийн харьяаны 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд 24 цагаар утсаа ажиллуулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Мөн уртасгасан цагаар вакцинжуулалтыг эрчимжүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласаар байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл амарч  байгаа тул нийслэлийн ногоон бүсэд  үйл ажиллагаа эрхэлдэг хүүхдийн зусланд хяналт шалгалт явуулж байна.  Нийтдээ 12 хүүхдийн зуслангуудад хяналтын явуулахаар төлөвлөгдөж, 6 зусланд хяналт явагдаж байна. Тиймээс энэ долоо хоногт олон улсын найрамдал зусланд хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Олон улсын найрамдал зуслан  эхний элжиндээ 450 хүүхдийг амраасан. Үүнд хяналт шалгалт хийхэд 97,7% вакцинжуулалтад орсон хүүхдийг зусланд хамрагдсан. Мөн хоёрдугаар элжинд 495 хүүхэд  найрамдалд амарч байгаа юм. Тэгвэл вакцинжуулалт нь 83,7% нь хамрагдсан гэх тоон мэдээлэлтэй байна. Бид 83,7 хувьтай байгаа вакцинжуулалтын асуудалд зохион байгуулалт, хяналт авч вакцинжуулалтыг нэмэгдүүлэхээр анхаарч ажиллаж буй юм. Хүүхдийн зуслангаас гадна Нийслэл Улаанбаатар хотын дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн 16 сувилал болон асрамжийн газруудад хяналт явуулж байгаа юм. Улаанбурхан өвчний халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.