dobu.mndobu

П.Наранбаяр сайдад өгөх зөвлөгөө

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-24

П.Наранбаяр сайдад өгөх зөвлөгөө

Боловсролын сайд П.Наранбаяр “Сурагчдын өвлийн амралт хэзээ эхлэхийг яам шийднэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мэдээж хэрэг, сургууль шийдэхгүй, яам шийдэж таарна. Хамгийн гол нь эрс тэс уур амьсгалтай, төсөв өртөг хүндрэлтэй, дэлхийн хамгийн хүйтэн, утаатай, түгжрэлтэй гээд олон зүйл нь сөрөг Улаанбаатарт ид хүйтний цагаар ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэх хэрэг байна уу. Орон нутагт ч адилхан. Хамгийн эрсдэлтэй бүс болчихсон учраас Улаанбаатар хотоор жишээ татсан хэрэг.

Зун тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр амраад есдүгээр сарын 1-нд хичээл ордог энэ тогтолцоог бага зэрэг өөрчлөх хэрэгтэй. Өвлийнхөө амралтын хугацааг урин цагийнхаа амралтын хоногт шилжүүлчихнэ биз дээ.

Яагаад...

Нэгдүгээрт, эрс тэс уур амьсгалтай Монгол Улс, Улаанбаатарт арванхоёрдугаар сарын дунд үе, ес эхлэхэд хүйтний эрч ид чангардаг. Энэ үеэс эхлэн ханиад томуу ихсэж, хүүхдүүд хичээлдээ явахаасаа илүүтэй эмнэлэг бараадах нь элбэг. Монгол Улс, Улаанбаатарт эмнэлгийн хүрэлцээ ямар билээ. Ачааллынхаа үед шалан дээр хэвтүүлдэг шүү дээ. Ядахад хүрэлцэхгүй байгаа эмнэлгүүдийн ачаалал буурна.

Хоёрдугаарт, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Улаанбаатарт утаа, агаарын бохирдлын тухай ярих юм биш. Утаа гамшгийн хэмжээнд байх хугацаа нь арванхоёрдугаар сарын дунд арван хоногоос хоёрдугаар сарын сарын сүүлч, гуравдугаар сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Ийм үед хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя. Утаанаас болж, хэчнээн хүүхдийн эрүүл мэнд хордож, амь насанд заналхийлж байгааг бүгд мэднэ.

Гуравдугаарт, Улаанбаатарын түгжрэл ямар билээ, утгаа алдсан. Ид хүйтний цагаар сурагчид амарчих юм бол энэ түгжрэл буурна. Судалгаанаас харахад сурагчид амрахаар түгжрэл 20-40 хувь буурдаг аж. Нийтийн тээврийн хүрэлцээ ч боломжийн болно.

Дөрөвдүгээрт, төсөв хөрөнгөөр ямар улс билээ. Иргэдийнх нь орлого ямар билээ. Ид хүйтний цагаар сурагчдаа амраачихаар хамгийн наад зах нь зүдэрсэн иргэдэд чинь хэрэгтэй. Ерөнхийдөө эдийн засгийн асар хэмнэлт гарна. Үдийн цай гэж шүлс шиг зүйлийн чинь төсөв хэмнэгдэнэ. Автобус унаа, багш нарын цалин, байнгын болон урсгал зардал гээд асар том хэмнэлт энд бий.

Тэгэхээр арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраачих хэрэгтэй. Энэ хоёр сарын хугацаанд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалчихна. Эдийн засагтаа ч хэмнэлт гаргана. Түгжрэл уур бухимдал бага ч атугай буурна. Эмнэлгүүдийн ачаалал ч буурна. Үүнээс нэг сарын хугацааг нь зуны амралтын хугацаанд шилжүүлчихээр долоодугаар сарын 1-нийг хүртэл хичээллэнэ биз дээ. Үүнд ямар ч асуудал алга. Олон улсад ч ид хүйтэн сэрүүний цагаар сургуулиа амраадаг, урин цагт нь шахаад ажилладаг жишиг байна. Хэл амтай Засгийн газрын бөөрөнд наалдан ажиллаж байгаа П.Наранбаяр сайд зоригтойхон хөдөлж, үүнийг хийж чадвал “Үндэсний баатар” болно шүү. Түүнээс П.Наранбаярын яриад байгаа дэлхийн боловсрол энэ тэр цаашаа.

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.