0

Хонконгийн Туэн Мун дүүрэгт сургуулийн дүрэмт хувцастай 10 орчим настай охин хоёр уут шар айраг өргөн, орон сууцны хорооллын өгсүүр замаар алхаж буй бичлэг цахим орчинд тархсаны дараа эцэг эхийг нь баривчилжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, 38 настай эцэг, 32 настай эхийг аравдугаар сарын 7-ны өдөр асран хамгаалж буй хүүхдээ зүй бусаар харьцсан, хайхрамжгүй хандсан байж болзошгүй үндэслэлээр саатуулсан байна.
Уг хэрэг аравдугаар сарын 6-ны орой Фу Тай орон сууцны хороололд болсон бөгөөд дөрвөн минут орчим үргэлжлэх бичлэгт охин гар тус бүрдээ шар айрагны лааз дүүргэсэн гялгар уут барин удаан алхаж буй нь харагджээ.
Бичлэгийн үеэр хажуугаар өнгөрсөн хүмүүс охинд туслахыг санал болгосон ч охин аавдаа загнуулахаас айж байгаагаа хэлэн татгалзсан гэж мэдээлсэн байна. Улмаар охины аав хоёр хүүхдийн хамт гарч ирэхэд хүмүүс түүнийг хүүхдэдээ хэт хүнд ачаа үүрүүлж байгааг шүүмжилжээ. Энэ үеэр аав нь охиноо “ямар ч хэрэггүй хүн” хэмээн хэлээд нэг уутыг нь авсан гэх мэдээлэл байна.
Цахим орчинд тархсан бичлэгийг үзсэн нэгэн багш цагдаад мэдэгдсэнээр хэргийг шалгаж эхэлжээ. Цагдаа нар охин болон түүний гэр бүлийг олж тогтоосон байна. Урьдчилсан шалгалтаар охин шар айраг зөөхийг өөрөө зөвшөөрсөн бөгөөд үүнийг биеийн хөдөлгөөний дасгал гэж тайлбарласан тухай мэдээлжээ. Гэсэн хэдий ч эцэг эхийг нь хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, хайхрамжгүй хандсан байж болзошгүй хэргээр шалгахаар баривчилсан байна.
Эцэг эх нь баривчлагдахаасаа өмнө HK01 хэвлэлд өгсөн ярилцлагадаа болсон явдлыг “үл ойлголцол” хэмээн тайлбарлажээ. Тэдний хэлснээр, охин биеийн хөдөлгөөний зохицуулалтад нөлөөлдөг эмгэгтэй тул хүнд зүйл өргөх дасгал хийлгэж байсан аж. Охин өмнө нь найман лааз, дараа нь 16 лааз шар айраг зөөж үзсэн бөгөөд бичлэгт гарсан өдөр анх удаа 24 лааз зөөх гэж оролдсон гэж ярьжээ. Мөн эцэг эх нь өөрт нь санаа тавьдаг хэмээн хэвлэлд хэлсэн байна.
Гэр бүлд эрүүл мэнд, санхүүгийн хэд хэдэн хүндрэл тулгардаг талаар хэвлэлүүд мэдээлжээ. Охины ээж өмнөх гэрлэлтээсээ том охинтой бөгөөд гурван жилийн өмнө дахин гэрлэж, хүү төрүүлсэн байна. Ээж нь эпилепси өвчтэй, том охин нь Кавасаки өвчнөөр өвчилж байсан түүхтэй, бага охин нь дислекси буюу унших, бичих чадварын онцлогтой, харин бага хүү нь хөгжлийн хоцрогдолтой гэж мэдээлжээ.
Гэр бүл Хонконгийн нийгмийн халамжийн хөтөлбөрөөс сар бүр 18 мянган хонконг долларын тусламж авдаг бөгөөд ээжийн өмнөх нөхрөөс хүүхдийн тэтгэмж болгон сар бүр ойролцоогоор 2,000 хонконг доллар авдаг аж.
Хонконгийн Нийгмийн халамжийн газар гэр бүлтэй холбогдож, хүүхдүүдийн хэрэгцээ, асран хамгаалах нөхцөл байдлыг үнэлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар болжээ. Мөн охины сургууль багш, нийгмийн ажилтнууд нь уг асуудалд анхаарал хандуулж, хүүхэд болон гэр бүлд цаашид дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Сургууль зүгээс охины хувийн нууц, сэтгэл санааны байдлыг хамгаалахын тулд бичлэг болон түүнтэй холбоотой мэдээллийг цааш түгээхгүй байхыг олон нийтэд уриалжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.