dobu.mndobu

Хөдөлмөрийн баатар А.Дулмаа, “Чингис хаан” одонт С.Нарангэрэл нарт хүндэтгэл үзүүлжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-05

Хөдөлмөрийн баатар А.Дулмаа, “Чингис хаан” одонт С.Нарангэрэл нарт хүндэтгэл үзүүлжээ

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Шинжлэх ухаан-2025” арга хэмжээний үеэр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич А.Дулмаа, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл нарт хүндэтгэл үзүүллээ. 

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр шинжлэх ухааны салбар бол улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс суурь гэдгийг тэмдэглэж, судалгааны байгууллагуудын бүтээмж, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд Засгийн газраас онцгой анхаарч буйг тэмдэглэв.  

Монголын төр Шинжлэх ухааны салбарыг нэн тэргүүнд анхаарч Монгол Улсын шинжлэх ухааны нэрт төлөөлөл, салбартаа үлэмж хувь нэмэр оруулсан А.Дулмаад Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн талаар онцолсон юм. 

Хөдөлмөрийн баатар А.Дулмаа нь биологийн шинжлэх ухаанд 60 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Монгол Улсад загас үржүүлгийн шинжлэх ухааны аргазүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эрдэмтэн юм. Загас үржүүлгийн үндэсний төвийг үүсгэн байгуулж, олон арван судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд биологийн салбарын залгамж халааг төлөвшүүлэхэд ухамсарт амьдралаа зориулсан билээ. 

Хууль зүйн шинжлэх ухааны салбарт олон жилийн турш манлайлан ажилласан академич С.Нарангэрэл Монгол Улсын түүхэнд Хууль зүйн шинжлэх ухааны анхны академич болсон цаг үеэ эргэн дурсав. Тэрбээр хууль зүйн шинжлэх ухааныг үндэсний хэмжээнд төлөвшүүлэх, олон улсын түвшинд холбох үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд шинжлэх ухааны салбарт үе дамжин хөдөлмөрлөж байгаа талаараа дурсан, аавынхаа захиасыг биелүүлж байгаа талаараа дурсан ярьсан юм. 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.