dobu.mndobu

"Малчдын гараас худалдаалах цэгүүд махныхаа үнийг нэмснээс болж авч чадахгүйд хүрч байна"

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-07

"Малчдын гараас худалдаалах цэгүүд махныхаа үнийг нэмснээс болж авч чадахгүйд хүрч байна"

Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд мах бол, тэжээлийн эх үүсвэр болдог тул чухал хүнс юм. Энэ нь бие махбодыг хүйтнээс хамгаалж, өвлийн цагт хэрэгцээтэй өөх тос, уураг, витаминаар хангадаг, нүүдэлчдийн уламжлалт хоол тэжээлийн үндэс болдог билээ. Гэвч сүүлийн үед махны үнэ огцом нэмэгдэж байгаа нь иргэдийн дунд бухимдал үүсгэж байна. Үүний дагуу бид махны үнэ хаш ямар байгааг тодруулахаар Хүчит шонхор захыг зорилоо. 

Хүчит шонхор захад 10 цагийн үед очиход хүний хөл хөдөлгөөн ихтэй байв. Гадаа нь хонины гулууз мах зарж буй хэсэг, харин зах дотор нь мах хэсэгчилэн зарж буй хэсэг гэх мэт мэтчилэн олон хэсэгтэй байв. 

"ХОЁРДУГААР САРЫН ЭХЭЭР МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ ҮҮ ГЭХЭЭС БУУРНА ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХ"

Хүчит шонхор захын гаднаас хонины гулууз авч буй иргэнтэй таарлаа. Тэрбээр өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил мах үнэтэй байгаад бухимдаж буйгаа илэрхийлсэн юм.

Иргэн Ч.Ганбаяр "Би хонины гулууз махыг дөнгөж сая 325 мянган төгрөгөөр авлаа. Өнгөрсөн жил 200 гаруй мянгаар авч байсан юм. Гэтэл энэ жил 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ер нь мах хаа саагүй үнэтэй болчихжээ. Малчдын гар дээрээс мах худалдаалах цэгт очиж үзсэн. Тэнд бараг л махгүй болсон байна лээ. Үнэ нь ч эндхийнхтэй адилхан байсан" хэмээн хэллээ.

"МАХНЫ ҮНЭ ХАРААД БАГА ЗЭРЭГ ШОКОНД ОРЛОО"

Цаашлаад бид Хүчит шонхор зах дотроос мах худалдан аваад гарч ирж буй иргэнээс яриагаа үргэлжлүүллээ. 

Иргэн Ц.Төмөрчөдөр "ах нь тэр байнга худалдаж авалт хийж гарч ороод байдаггүй ээ. Гэхдээ махны үнэ хараад бага зэрэг шоконд орлоо. Учир нь наймхан килогромм махыг 120 гаруй мянган төгрөгөөр худалдан авлаа. Махны үнэ үнэхээр их өссөн байна. Он гарснаас хойш махны ченжүүд болон Малчдын гар дээрээс мах худалдаалах цэгээс хамаарч үнэ их өсөж байгаа байж магадгүй" гэж хэллээ. 

 "ЖИЖИГ ТОР ДҮҮРЭХ ҮГҮЙТЭЙ ХОНИНЫ МАХЫГ НЭГ КИЛОГРАММ НЬ 16 МЯНГАН ТӨРГӨРӨӨР ХУДАЛДАН АВЛАА"

Иргэн А.Дорж "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мах худалдан авахад 11 мянган орчим байсан юм. Гэтэл сая жижиг тор дүүрэх үгүйтэй хонины махыг нэг килограмм нь 16 мянган төргөрөөр худалдан аваад явж байна. Өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад махны үнэ өсжээ. Өдийд шинэ он гараад уг нь буурчихсан байдаг юм. Гэтэл гэнэт үнийн хөөрөгдөлд орно гэж бодсонгүй ээ. Гэхдээ яахав хүйтний улирал адуу, үхрийн махны өсчихдөг ч гэлээ өмнө байж байгаагүй дээд хэмжээнд хүрээд байна" гэдгийг хоолой нь чичрэнгүй илэрхийллээ.  

Мөн зарим иргэд уурлангуй цухалдсан маягаар "махны үнэ арай дэндүү тэнгэрт хадлаа. Үхрийн мах гэхэд л килограмм нь 24.000 төгрөг болсон байна. Малчдын мах худалдаалах цэгүүд махныхаа үнийг нэмснээс болж авч чадахгүйд хүрч байна" гэв

“МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЭХЭД ЦАГААН САР, ШАТАХУУНЫ ҮНЭ НӨЛӨӨЛЖ БАЙНА”

Бид худалдаа эрхлэгчдийн байр суурыг хүргэхийг зорилоо. Гадаа хонины гулууз мах зарж буй 18-20 насны орчим залуутай таарлаа. Тэрбээр Завхан аймгаас ирж хонины гулууз мах зарж байгаа гэсэн юм. 

Худалдаа эрхлэгч Г.Тэмүүлэн "Хонинь гулууз мах нэг килограмм нь 13.500 төгрөгөөр зарж байна. Өмнө жилтэй харьцуулахад 1500 төгрөгөөр мах үнэтэй болсон. Махны үнийн хөөрөгдөлд малчид махаа үнэтэй өгөөд байгаагаас холбоотой байх. Мөн бинзен тосны үнэ нэмэгдснээс болж наашаа цаашаа явахад зардал шатахуун их зарцуулагддаг болохоор нэмэгдэж байгаа" гэдгийг онцлон хэлэв. 

“МАХНЫ ҮНЭ ӨНДӨР БАЙГАА НЬ ХУДАЛДАН АВАЛТАД НӨЛӨӨЛЖ БАЙНА”

Худалдаа эрхлэгч Б.Ариунтунгалаг "Эгч нь 5 гаруй жил ажиллаж байна. Хонины махны цул 18,000–18,500 төгрөг, хонины ястай мах 13,500–14,000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Махны үнэ өсөж, буурч байдаг ч гэлээ. Энэ жил арай дэндүү үнэтэй болчихоод байна. Өнгөрсөн жил махны үнэ харьцангуй тогтвортой, худалдан авалт ч их байсан. Харин он гарснаас иргэдийн худалдан авалт ч багассан" хэмээн хэлэв. 

Ийнхүү махны үнэ өссөн хэвээр байгаа нь иргэдийн амьжиргаанд дарамт учруулж, зах зээлд тогтвортой байдлыг алдагдуулж байгааг иргэд, худалдаа эрхлэгчид ижил дуугаар илэрхийлсээр байна.

"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХАД ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ МАХНЫ ҮНЭ:

Нийслэлийг мах, махан бүтээгдэхүүнээр хангахад гол үүрэг гүйцэтгэж буй захуудын нэг болох "Хүчит шонхор" захад худалдаалагдаж буй махны үнийн мэдээллийг толилуулж байна. 

-Үхрийн цул мах 24.000-25.000 төгрөг

-Үхрийн ястай мах нь 21.000 төгрөг

-Адууны цул мах 15.000 төгрөг

-Адууны ястай мах нь 14.000 төгрөг

-Хонины махны цул 18.000–18.500 төгрөг

-Хонины ястай мах 13,500–14.000 төгрөг

-Ямааны цул мах 16.500-17.000 төгрөг

-Ямааны ястай мах 15,500-16.000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.