0

Манай “dobu.mn” сайт УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхлээд байгаа билээ. Энэ удаад МАН-ын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдэж УИХ-ын гишүүн болсон Ч.Анар эрхмийн тухай хүргэж байна.
МАН Ч.Анарын чухам юунд болж жагсаалтын дөрөвт эрэмбэлэн парламентын гишүүн болгосон юм, бүү мэд. Дал, наяад оны эстрад хамтлагийн бөмбөрчин шиг нөхөр чимээ үл гарган чуулганы хуралдаанд сууж харагдах. Ер нь бол яах аргагүй төрлөө олоогүй төөрч ирсэн “сүнс” мэт л харагдана.
Гагцхүү тухайн үеийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй “Бэрх тосгонд тоглож өссөн болохоор” гэхээс өөр хариулт үл олдоно. МАН-ын тооноор орж ирсэн ч тэнд суусангүй, шуудхан л Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болчихсон учраас үүнээс өөр хариултаар ч яах юм. Ч.Анар шиг гишүүнээр МАН ч яах юм, парламент ч яах юм, ард түмэн ч яах юм. Ёстой ойлгомжгүй сонголт бол Ч.Анар.
Учир шалтгаан ч алга. Л.Оюун-Эрдэнийг зүдүүхэн явахад өглөгийн гараа чамгүй сунгасан гэж ойрын хүнийх нь яриа байдаг гэхээр хаашаа ч зайлахгүй. Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг дээ. Гэхдээ өөрөө “Өдрийн сонин”-д “Миний хувьд огт улс төр мэдэхгүй, сонирхдоггүй. Инженер мэргэжилтэй, дарга сайд нараа ч таньдаггүй л хүн байсан. Харин МАН санал тавихаар нь зөвшөөрсөн” хэмээн ярьсан байна лээ. Тэгэхээр МАН л мөрөөрөө бизнесээ хийж явсан нөхрийг хатгаж ятгасаар УИХ-руу хөөгөөд оруулчихсан юм билээ.
Улстөрчийнх нь талаас харвал өндөг дарам ийм л намтар хэлж чадах байна, өөр юу ч алга. Өнөөдөр УИХ-ын гишүүд маань бүрэн эрхээ хугасалачихлаа. Харин Ч.Анар маань хууль санаачилж батлуулах бүү хэл чимээ гаргалгүй дуусгах бололтой. Ингэж суухаар явж бизнесээ хийсэн дээр биз. Гэхдээ Системийн болон кибер аюулгүй байдлын инженер мэргэжилтэйн хувьд Цөмийн энергийн тухай хуулийн ажлын хэсэгт сууж харагдсан. Мөн процессын дахин инженерчлэлийн ажлын судалгаа хийж байгаа гэж дуулсан. Өөр ч юмгүй дээ. Ядахад өргөж тэтгэсэн Л.Оюун-Эрдэнэ нь шонд өлгүүлэхээр хэрэг өдүүлсэн баримтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлнэ лээ.
Харин бизнесмений хувьд зузаан намтар байхаас аргагүй. Түүний бизнес, үүсгэн байгуулсан компани, санаачилсан брэнд, босгосон мөнгө гээд бичээд байвал чамгүй цаг үрнэ. Тэр өөрөө 20 жилийн дотор 16 компани байгуулж бизнесээ хөл дээр нь босгосон гэж ярьдаг гэхээр энэ бүхний угсаа гарвал, хөрөнгө мөнгө, хамтрагчдын тухай дурдана гэвэл яагаад ч барахгүй. Үүн дээр нэмэгдээд хадмынх нь бизнесийн түүх гэхээр нэгэн том ном бүтээхээс өөр аргагүйд хүрэх учир хойш тавья. Гэхдээ олны сайн мэдэх “Лэнд.мн” зээлийн аппликейшныг үүсгэн байгуулагч гэдэг. Сонирхолтой байж болох юм, Ч.Анар “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” гэх шарил чандарладаг, мөн оршуулыг зан үйл гүйцэтгэдэг хоёр компанийн эзэд болох О.Мэндбаяр, Г.Идэрмаа нарын хүргэн. Дээрх хоёр компанийн нэр дээр Улаанбаатар хотын дөрвөн зүгт дөрвөн оршуулгын газар бий. Мөн түүний хадам ээж Г.Идэрмаа нь “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн гэдгийг тэр бүрий хүмүүс мэдэхгүй байх. М.Мөнхзаяагийн “Амин ивээл” ХХК нь шарилын хөшөө, чулуу захиалгаар үйлдвэрлэдэг. Түүний хадмуудад “Шилдэг ширмэл”, “Мемориал гарден”, “Амаржихуйн зам холбоо”, “Буяны хөсөг”, Г.Баасанжаргалын “Иргэдийн буянд”, “Буяны ордон”, “Хурмастын гүүр” гэх мэт оршуулгын үйл ажиллагаа явуулдаг, зан үйл хийдэг, мөн хайрцаг сав бэлдэх, хөшөө чулуу бэлдэх гэх мэт 10 гаруй компани байдаг аж. Харин одоо хүрээ хаяагаа тэлж, түүний хадам Г.Идэрмаагийн “Далай их буян” компани нь Орхон аймагт оршуулгын газар буюу буяны цогцолбор барьж байгаа аж. Үүнийг дурдахын шалтгаан нь УИХ-ын гишүүн Ч.Анарын бизнесийн түүх бол ердөө хадмуудынх нь бизнесийн түүх юм. Мань эр бизнесээ бор зүрхээрээ босгосон гэх боловч хадмуудынхаа оршуулгын бизнесийн нөлөөнд хөл дээрээ зогссон гэдэг.
Эх сурвалжид ч “Г.Идэрмаа нь найз “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан болон Японы иргэн Таками Юичи хоёртой хамтран хүргэн Ч.Анартаа анхны нэг сая ам.долларын санхүүжилтийг нь гаргаж өгч байжээ. Өөрөөр хэлбэл, Г.Идэрмаа нь хүргэн Ч.Анарынхаа “Лэнд.мн ББСБ” ХХК-ийг нь байгуулж өгч, бүр анхны санхүүжилтийг нь ч гаргаж өгсөн” гэдгийг “ergelt.mn”-ын “126” номд өгүүлжээ. За энэ ч яахав, баян хадмаар өргүүлж тэтгүүлсэн буянтай л хүргэж байгаа биз. Тэгээд ч хадам хүргэн хоёрын дунд хэтэвч нэг байна уу, хоёр байна уу бидэнд хамаагүй.
Ч.Анар Монголын цахилгаан холбоо 2001 оноос инженерээр ажиллаж байгаад чиглэлээрээ хувийн компаниа байгуулснаар бизнест орж ирсэн хүн. Улмаар 2005 онд Жи-Мобайл үүрэн холбооны компанийг байгуулж, олон улсын технологийн компанид ажиллаж байгаад 2015 эх орондоо ирж “Анд Глобал” гэж компанийг үүсгэн байгуулан ажиллаж байгаад УИХ-д орж ирсэн гэдгээ өөрөө ярина лээ.
Харин хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал их л даруухан юм. Тухайлбал, 421,800.00 төгрөгийн орлоготой, 160 сая төгрөгийн орон сууцтай гэжээ. Цагтаа Л.Оюун-Эрдэнийг өндөрт гаргаж байсан баян нөхөр 160 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг гэхэд хэн итгэх юм. Мөн зуслангийн байшин нэг, авто зогсоол хоёртой юм байна. Харин нэг тэрбум 610 сая төгрөгийн үнэ бүхий авто машинуудтай гэхээр бараг бааз байгуулахаар шахуу. Үүнд “Chevrolet| Camero”, “Yamaha| Yamaha R1”, “Toyota| Land Criuser 300” хоёр ширхэг, “Yamaha| Yamaha R1”, “Toyota| Coaster” гээд зургаан автомашинтай. Тэр 922,480.00 төгрөгийн авлагатай ч 568,000.00 төгрөгийн зээлтэй юм билээ. Ийм л нэг төөрсөн нөхөр гараг андууран, парламентад сууж байна.
С.Ууганбаяр
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.