dobu.mndobu

Кени улсаас 2000 гаруй амьд хатан шоргоолж хууль бусаар гаргахыг завдсан хэрэг илэрчээ

Кени улсаас 2000 гаруй амьд  хатан шоргоолж хууль бусаар гаргахыг завдсан хэрэг илэрчээ

Кени улсаас амьд хатан шоргоолжийг хууль бусаар гаргахыг завдсан хэрэг илэрч, холбогдох этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Тодруулбал, Хятадын иргэн Жан Кэкун болон түүний Кенийн хамтрагч Чарльз Мванги нар 2000 гаруй амьд хатан шоргоолжийг хууль бусаар хил давуулахыг завдсан хэргээр яллагджээ. Жан Кэкунийг өнгөрсөн долоо хоногт нийслэл Найроби хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчилсан бөгөөд түүний ачаа тээшнээс их хэмжээний шоргоолж гарч ирсэн байна. Эдгээрийг хатан шоргоолжийг салфеткад ороох зэргээр нуун тээвэрлэхийг оролдсон байжээ.

Энэ сарын 16-нд болсон шүүх хурлын үеэр Жан Кэкун уг шоргоолжнуудыг хамтрагч Чарльз Мвангигаас 100 ширхэгийг нь 10,000 Кенийн шиллингээр худалдан авсан талаар мэдүүлсэн байна.

Кенийн эрх баригчдын мэдээлснээр, Европ болон Азийн орнуудад цуглуулагчид амьд шоргоолжийг гэрийн тэжээвэр амьтан болгох сонирхол нь нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хууль бус наймаа өсөх хандлагатай байгаа гэжээ.

Одоогоор уг хэрэгт холбогдсон хоёр этгээд өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсэн бөгөөд тэдний өмгөөлөгч нь хууль зөрчиж байгаагаа мэдээгүй гэсэн тайлбар өгчээ. Жан Кэкун болон Чарльз Мванги нарыг гуравдугаар сарын 27-нд дахин шүүх хэлэлцэхээр товлосон байна.

Мөн Кенийн Зэрлэг ан амьтдын албанаас ийм төрлийн хууль бус үйл ажиллагаа бусад бүс нутагт байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлж байгаагаа мэдэгдлээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн оны тавдугаар сард Кенийн шүүх мянга мянган амьд хатан шоргоолжийг хууль бусаар гаргахыг завдсан дөрвөн этгээдэд нэг жилийн хорих ял эсвэл мөнгөн торгууль ногдуулж байсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.