0

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.16) “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин ба төсөл хэрэгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийг өргөжүүлэх, төслийн хэрэгжилтийн орчныг сайжруулах нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болохыг онцлов. Тэрбээр эрчим хүчний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны тодорхой байдал, санхүүжилтийн хүртээмж, зөвшөөрлийн процессын шуурхай байдлыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчний бодлого, зохицуулалт, аукцион (дуудлага худалдаа)-ы механизм, тархмал эх үүсвэрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, түүнчлэн тодорхой төслүүдийн танилцуулгыг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд танилцууллаа.

Илтгэлүүдэд Монгол Улс нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл хийх шаардлагатайг онцолж, эрчим хүчний бие даасан нэгдсэн системтэй болж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хоршин ашиглах ухаалаг тогтолцоонд шилжих, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болох стратегийг дэвшүүлсэн.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 6.71 ГВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд үүнд:
Усан эх үүсвэр-735 МВт
Нар, салхины эх үүсвэр-6000 МВт
Мөн “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд 5.6 сая тонн, 2035 он гэхэд 8.3 сая тонн CO₂-экв хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг эрчим хүчний салбарт дэвшүүлсэн бөгөөд үүнийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хатуу түлшийг орлуулах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
.png)
Хэлэлцүүлгээр олон улсын түвшинд хэрэгжих боломжтой “Азийн супер сүлжээ” буюу “Гобитек” санаачилгын хүрээнд Монгол Улсын говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэрүүдийг хөгжүүлж, бүс нутгийн эрчим хүчний зах зээлд нийлүүлэх боломжийг онцлон авч үзлээ.
Тархмал эх үүсвэрийн хувьд “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ын хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулсан. Үүнд, иргэн болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг сүлжээнд нийлүүлэх, төлбөрийг сар бүр олгох, 0.22-10 кВ-ын түвшинд холбох боломж бүрдсэн бөгөөд зөвшөөрөл, холболтын үйл явцыг 11-28 хоногт багтаан шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгааг дурдлаа.
.png)
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр 2026 оны байдлаар нийт 259 хүсэлтэд техникийн нөхцөл олгож, 165 хэрэглэгчийг 2.7 МВт хүчин чадлаар сүлжээнд холбосон байна. Эдгээр хэрэглэгчид 2026 оны хоёрдугаар сард 132.7 мянган кВт.цаг сэргээгдэх эрчим хүчийг сүлжээнд нийлүүлсэн нь нийт хэрэглээний 16.7 хувийг бүрдүүлжээ.
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй нийтлэг бэрхшээлд газрын асуудал, урт хугацааны судалгаа (ялангуяа салхины нөөцийн судалгаа), олон шат дамжлагатай зөвшөөрлийн процесс, тариф батлуулах, эрчим хүч худалдах гэрээ байгуулах, санхүүжилт босгох хугацаа зэрэг асуудлууд багтаж байгааг оролцогчид онцлов.
Мөн сэргээгдэх эрчим хүчний аукцион механизмыг нэвтрүүлэх, нэгдсэн сүлжээний дүрмийг (Grid code) шинэчлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн замын зураглалыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэлээ.
(2).png)
Хэлэлцүүлгийн үеэр УЦС (усан цахилгаан станц)-ыг нар, салхины эх үүсвэртэй хослуулан хөгжүүлэх нь эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангах, хүчдэлийн хэлбэлзлийг бууруулах, системийн доголдлын үед богино хугацаанд эрчим хүчээр хангах стратегийн ач холбогдолтойг онцлон дурдсан.
Түүнчлэн эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар 5000 МВт нар, 1000 МВт салхины цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг татах, эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтойг хэлэлцүүлгийн үеэр онцлов.
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн хэрэгжилтийг хурдасгах нь Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.
“Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээ цаашид салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, хүний нөөцийн асуудлууд сэдвээр үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.