dobu.mndobu

ТБХ: Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах шаардлагатай гэв

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-28

ТБХ: Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах шаардлагатай гэв

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.28/-ийн хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан сонслоо.

Тус зөвлөл хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 16 чиглэлээр дүн шинжилгээ хийхэд Засгийн газрын макро эдийн засгийн таамаглал бодит бус, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тооцоолол хангалтгүй зэрэг нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэв. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад зах зээлийн өнөөгийн нөхцөл төлбөрийн тэнцэлд дарамт учруулж байгааг, дотоодын эдийн засаг уул уурхайн орлогоос хэт хамаарсан, төсвийн тэлэлт нэмэгдсэнээр эрсдэл үүссэн талаар тайланд дурджээ. Төсвийн төлөвлөлтийн суурь баримт бичиг байх ёстой төсвийн хүрээний мэдэгдлийг 2013–2025 онд 13 удаа баталж, 25 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, бодлогын залгамж чанарыг алдагдуулж буйг шүүмжилжээ. Цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах, дунд хугацааны төлөвлөлтийн сахилга батыг бэхжүүлэх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах нь чухал байна гэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн аудитын байгууллага 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. Төрийн аудитын байгууллага 2025 онд нийт 3954 аудит хийж гүйцэтгэсний 92.9 хувь нь төсөв захирагчдын төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн тайлангийн аудит, 7.1 хувь нь гүйцэтгэл, нийцлийн аудит байжээ. Гүйцэтгэл, нийцлийн аудитын хувьд 127 нь хуульд заасны дагуу, 141 нь байгууллагын бодлогоор, 9 нь төлөвлөгөөт бус байдлаар хийгдэж, 57.4 тэрбум төгрөгийн зөрчилд 3,014 төлбөрийн акт тогтоожээ. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын даргын 2025 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Ажлын хэсэг татварын эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар санал асуулга явуулахад 700 гаруй иргэн, ААН, ТББ, мэргэжлийн холбоо, ОУБ-аас 2271 санал цаасаар болон цахимаар иржээ. Ирсэн саналын дийлэнх нь ААНОАТ, НӨАТ зэрэг татварын тайлан, Татварын ерөнхий хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт зэрэг асуудалтай холбогдож байсныг ажлын хэсгийнхэн онцлов.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.