dobu.mndobu

Учралын барьсан бамбай

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-17

Учралын барьсан бамбай

Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө 2026 оны Төсвийн тодотголоо өргөн барьж батлуулсан. Шүүмжлэх өнцөг их бий. Ялангуяа “Халамжийн төр боллоо”, “Төр бүхнийг шийдсэн хэвээр байна” гэх мэт. Гэхдээ энэ тодотгол бол энэ цаг үедээ авах хамгийн мэргэн, цорын ганц арга хэмжээ юм.

Үүсээд байгаа асуудлуудын шалтгаан биднээс дэндүү хол. Шууд утгаараа ч тэр. Улаанбаатараас Ангарск хүртэл 1000 гаруй км, Ормузын хоолой бүр 5000 гаруй км. За энэ наргиа ч яахав. Дэлхий даяар үүсээд буй асуудлаас үүдэлтэй хямрал бидний гол асуудал болсон. Шатахууны тасалдал, түүнийг дагаад жамаараа өсөж буй үнэ. Мөн сүүлийн хэдэн жил дараалсан зудаас болсон малын хорогдол, түүнээс үүдсэн махны үнийн хөөрөгдөл. Үнэндээ Монгол Улсын мал сүрэг 70 сая биш, 40 сая хүрвэл их юм болсон зүйл мэргэжилтнүүд мэр сэр хэлж байна. Мянгат малчин цол, банкны зээлд хамрагдах хүслээс болоод энд тэндгүй хий тоо үүсжээ. Хийморь биднийг өөд нь татах бол, хиймал уруу татаж эхэлж байгаа нь энэ. Ядаж байхад бид хоол хүнс, шатахууны нөөцийн сав хэзээ ч барьж байгаагүй юм байх даа. Ёстой л сүх далайтал үхэр амар явж ирж.

За асуудлууд бол ийм. Харин үр дагавар нь бага орлоготой иргэд, тэтгэврийнхэнд хүнд тусна.”Хэдүүлээ либерал амьдарнаа!” гээд ямар хаалгаа хаачихалтай биш дээ. Эсвэл “цахилгаан станц дампуурлаа, үнээ нэмлээ” гээд нүдээ хаагаад, чихээ таглаж болохгүй. Уг нь ч амархан. Цөөхөн либералчууд л алга ташна. Харин үлдсэн сая сая иргэд яах юм? Лав л одоо тэгж өшиглөж болохгүй. Цаг нь биш. Үүнийг зугуухан, соён гэгээрэлтэй хамтаар хийнэ гэвэл багадаа 10-20 жил шаардагдана. Харин Н.Учрал залуу хүний хувьд, бүр МАН-ын гишүүн хэрнээ санаанд оромгүй либерал шийдлүүд хэлж, хийсээр ирсэн. Эр зоригт нь баяр хүргэе!

Товчхондоо, асуудлууд бороо мэт асгарч, Учрал төвийн тодотголоороо бамбай мэт хааж байна. Төрийн зайлшгүй нэгэн үүрэг бол иргэн бүрийнхээ амьдралын баталгааг хадгалах байдаг. “Төсвийн тодотгол 2026”-ын гол зорилго үүнд оршиж байх аж.

Нэмээд, төрийн зардлыг танаж 1,4 ихнаяд төгрөг үүсгэлээ. Оюутолгойн ноогдол ашгийг авахаар боллоо. Гурил, мах, хүнсний ногооны нөөцийн савнууд, шатахууны том том агуулахууд бүтээн байгуулж байна. Юу ч болоо билээ! Дэлхий өөрөө эвгүй байна шүү дээ. Эвээ олох шинж ч алга.  

2026 оны Улсын төсвийн тодотголын онцлох 9 шийдвэрийг дор жагсаав:

1. 435 мянган ахмад настан 11-р сарын 01-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр 2026.11.01-нээс 26 хувиар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. 

3. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болголоо

4. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмэхэд 170.1 тэрбум төгрөг баталлаа

5. Багш, боловсролын салбарын ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөг батлав

6. Мах, гурил, ногоо, шатахууны нөөц бүрдүүлэхэд 140.9 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх онд анх удаа 20,000 тонн мах, 12,000 тонн ногоо, 100,000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно

7. Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно

8. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилав

9. Шатахууны импортын татвар тэглэсэн шийдвэр үргэлжилнэ. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэв.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.