dobu.mndobu

 “Рио”-гийн хэлэлцээрт Монгол Улс давуу нүүдэл хийж чадлаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-20

 “Рио”-гийн хэлэлцээрт Монгол Улс давуу нүүдэл хийж чадлаа

УИХ-аас байгуулагдсан Түр хорооны гурван өдөр үргэлжилсэн сонсголын үр дүнд монголчууд 17 жилийн өмнө гараанаас гарсан Оюу толгой төслийн өр төлбөрийн асуудлаар мэдээлэлтэй болсноос гадна “Онтрэ”-гийн хоёр лицензийн асуудлаар ойлголттой болж, баяжмалын борлуулалтын нийт орлогоос роялти төлүүлэх талаар тохиролцоонд хүрэхээр хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Энэ хүрээнд Засгийн газраас салбарын сайд нараар ахлуулсан гурван том ажлын хэсэг гарчээ.

Тодруулбал,

-Монгол Улсын хүртэх өгөөжийг 60 хувиас дээшлүүлэх буюу хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг олон улсын жишигт хүргэж буулгах /Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан/

-2026 онд багтааж Монгол Улсад ногдол ашиг хуваарилах, “Онтрэ”-гийн эзэмшиж буй лицензийг Үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэх /Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахлах шийдвэр гарсан/

-Менежментийн төлбөрийг бууруулж, 2030 оноос “Оюу толгой” ХХК менежментийн хувьд бие дааж ажиллах /Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалсан/ ажлын хэсгийг тус, тус байгуулжээ.

Н.Учрал: Монголын заяа их

Тэгвэл Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, үүрэгт ажлаа 100 хувь биелүүлж чадсан гэдгээ зарлав. Долоон сарын турш үргэлжилж, дөрвөн ч удаа хэлэлцээрийн ширээний ард суулгасан шийдвэр эцэслэж гарсан талаар Ерөнхий сайд мягмар гарагт мэдээлэл өгөв. Тэрбээр, “Ард түмэндээ сайн мэдээ дуулгая. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргалаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг “Рио Тинто”-той хийсэн хэлэлцээрийн үр дүнд менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулав. Төлбөрийн давхардлыг арилгаснаар 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурна. Хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөн нэмэгдэх сайн мэдээ юм. Цаашид Онтрэгийн асуудал, зээлийн хүүг бууруулах хэлэлцээрүүдэд амжилт гаргахын төлөө хичээж ажиллах болно. Монголын заяа их” хэмээн мэдэгдэж, мэдлэг боловсрол, ур чадвараараа манлайлан дэлхийн хэмжээний том групп компанитай эхний хэлцлээ амжилттай хийж чадсан ажлын хэсгийн залууст баяр хүргэж, талархал гардуулжээ.

Засгийн газрын хоёр ч том хэлэлцээрийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням харин “Хэлэлцээр албан ёсоор үр дүнгээ өгч, эхний шатанд 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал бууруулж, хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Хоёрдугаар үе шатанд мөн хэмжээний ашиг авна. Нэмэлт үйлчилгээ гэж хоёр ч нэмэлт менежментийн төлбөр авдаг байсныг 100 хувь зогсоолоо. Хэлцлийн үр дүнг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж тооцно. Нэгдүгээр үе шатаас алдах байсан 1.5 тэрбум ам.долларыг өгөхгүй болсноор үр өгөөж нэмэгдсэн гэж ойлгож болно” гэв. Товчхондоо, хэлэлцээрийн үр дүнд давхардсан олон зардлыг арилгахаас гадна төслийн үлдэх хугацаанд менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулжээ гэж ойлгож болох нь ээ.

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш гарсан үндсэн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын нийт дүнгийн зургаан хувиар бид менежментийн үйлчилгээний төлбөр төлдөг. Төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр өсөж, бидний хүртэх үр ашиг хойшилж байсныг ийнхүү ойлголцлын ширээний ард сууснаар шийдэж чадлаа. Анх дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилттэй эхэлж байсан төсөл 20 тэрбум ам.доллар болж, тэр хэрээр менежментийн төлбөрөө өсгөж байсан “Рио Тинто” ийнхүү долоон сар гүрийсний эцэст эхний хэлцэлдээ буулт хийсэн нь яах аргагүй Монголын заяа их гэдгийг нотлох сайн мэдээ байв.

Асуудал ингээд дуусаагүй

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Олон жил үргэлжилсэн ярвигтай асуудалд хувь эзэмшигч талууд ойлголцжээ. Бидний хувьд энэ бол шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан сайн мэдээ. Оюутолгойчууд бид ч талархалтай байна” хэмээн мэдэгдэл оруулав. Долоон сар үргэлжилсэн хэлцэл эхний үр дүнгээ гаргасан ч Ерөнхий сайд Н.Учралын хэлсэнчлэн асуудал ингээд дуусаагүй байна. Одоо бидэнд Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн 11 хувийн хүүтэй зээлийн хүүг бууруулах, ногдол ашгаа наашлуулах, 60 хувиас нэмэгдүүлэх гэдэг том эрх ашгаас гадна “Онтрэ”-гийн хоёр лиценз дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тохирох буюу баяжмалын нийт орлогын борлуулалтаас роялти авах талаар хэлэлцээ хийх ажил үлдэж байна. Сангийн сайд З.Мэндсайхан зээлийн хүүгийн асуудлаар хэд, хэдэн удаа хэлцлийн ширээний ард суугаад байна. Харин  Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням

-“Онтрэ”-гийн эзэмшиж буй Шивээтолгой, Жавхлант ордын лиценз дээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 34 хувийг эзэмших заалтыг хэрэгжүүлэхээс илүү баяжмалын борлуулалтын нийт орлогоос роялти төлөх байдлаар тохиролцох

-2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2008 оны Онтрэ-Оюу толгойн хамтарсан компаний гэрээний дагуу шилжүүлэх гэдэг хоёр саналыг тавьж, хэлэлцээрийг албан ёсоор эхлүүлснээ мэдэгдлээ.

Эцэст нь хэлэхэд, дэлхийн хэмжээний тэр тусмаа олон орны уул уурхайн төслүүдэд асар том хуулийн багтай ажиллаж ирсэн “Рио Тинто”-гийн эсрэг хөнгөн хуумгай, сэтгэл хөөрлөөр хандаж болохгүйг өнгөрсөн хугацаанд байгуулагдсан ажлын хэсгүүд хийгээд үе, үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын хэт попорсон, улстөржсөн мэдэгдэл бидэнд харуулсан. Хэт хатуурхах, хэтэрхий ихийг хүсвэл тэр хэрээр гэдийж, хэлэлцээрт хий дэмий цаг хожих, шүүх рүү шилжих, хугацаа алдах асуудал бий.  Тиймээс залуу Ерөнхий сайд энэ бүхнийг чадварлаг багийн хамтаар олж харж, том группын эсрэг тоглоомын дүрмээ тунчиг тодорхой байлгаж, эхний хэлэлцээрт олж авсан давуу нүүдлээ ирэх өдрүүдэд ч хадгалж, шатрын өрөг дээр зөв нүүдлээр “Рио”-той тоглох ёстой болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.