0

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч П.Тигрантай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа
Ойрх Дорнодын зөрчилдөөн 2026 оны дэлхийн эдийн засгийн төлөвт, тэр дундаа хөгжиж буй орнуудад ямар шок үүсгэж байна вэ? Эдийн засаг, санхүүгийн секторт нөлөөлж буй гол сувгуудыг нь тайлбарлана уу?
Ойрх Дорнодын зөрчилдөөний улмаас газрын тосны зах зээл дээр үүссэн үнийн шок хэд хэдэн сувгаар дамжин дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь тээвэр, хүнс, болон үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж, өрхийн бодит орлогыг бууруулж байна. Үүний хариуд томоохон төв банкнууд инфляцын хүлээлт хэвшиж үлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх шийдвэрээ хойшлуулж, зарим тохиолдолд нэмж хатуурууллаа. Ингэснээр бодлогын хүү дэлхий даяар өндөр түвшинд хадгалагдаж байна. Улмаар, хөрөнгө оруулагчид эрсдэлээ дахин үнэлж, илүү найдвартай актив руу шилжихтэй зэрэгцээд хөгжиж буй орнуудын засгийн газрын бондын нэмэгдэл хүү, ханшийн дарамт, эрсдэлийн нэмэгдэл өгөөж өсөх зэргээр эдийн засагт хүндрэл бий болж, цаашлаад хөрөнгийн гадагшлах урсгалыг өдөөж байна.
Одоогийн байдлаар шокийн суурь хувилбарын нөлөөллийг зохицуулах боломжтой байгаа хэдий ч зөрчилдөөн цаашид хэрхэн өрнөхөөс хамаарч төлөв өөрчлөгдөхөөр байна. Шок илүү удаан үргэлжлэх эсвэл ноцтой болж хүндэрвэл, нэн ялангуяа хямралд хүндээр өртөх магадлалтай зарим хөгжиж буй орнуудад инфляц, гадаад тэнцэл болон бодлогын орон зайд томоохон хүндрэл үүсэж болзошгүй. Ийм шокийг шингээж, тогтвортой байдлаа хадгалах боломж макро эдийн засгийн нөөц сайтай, бодлогын уян хатан тогтолцоотой улс орнуудад илүү байна.
Эдгээртэй зэрэгцээд Монголын эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдсөн бэ? Гол эрсдэл болон боломжийг хэрхэн дүгнэж байна вэ?
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспортын хүчин чадал өсөж байгаа учир Монгол Улсын эдийн засгийн төлөв эрсдэлийг даван гарах чадвартай хэвээр байна. Гэхдээ дэлхийн эрчим хүчний шок нь бүтцийн сул талыг даамжруулж, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Шокийн нөлөө нь инфляц болон импортын зардлын өсөлтөөр голчлон илэрч, эдийн засгийн өсөлт нь БНХАУ-ын түүхий эдийн эрэлтээс өндөр хамааралтай хэвээр байна.
Гэвч дэлхийн зах зээл дээр эрчим хүчний үнэ өндөр түвшинд удаан хадгалагдах, эсвэл гадаад эрэлт цаашид суларсан тохиолдолд сөрөг эрсдэлүүд давамгайлах төлөвтэй байна. Монгол Улсын экспортын бүтэц харьцангуй хязгаарлагдмал бөгөөд түүхий эдийн үнийн мөчлөгт өртөмтгий байгаа нь эдгээр эмзэг байдлыг даамжруулж байна. Харин эерэг талаас нь авч үзвэл хил гаалийн дэд бүтэц тооцож байснаас хурдан сайжирснаар нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, өсөлтийг дэмжих боломж бий.
Тэгвэл энэ цаг үед Монголын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ямар бодлого хэрэгжүүлэх нь зохистой вэ?
Ойрын хугацааны инфляцын дарамтыг хязгаарлахын зэрэгцээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, бодлогын орон зайг бүрдүүлэх нь гол сорилт байна. Мөнгөний бодлогыг зохистой хэмжээнд хатуу хэвээр хадгалж, ханшийн хөдөлгөөнийг чөлөөтэй, уян хатан байлгах замаар гадаад шокийг шингээх үндсэн арга хэрэгсэл болгож ашиглах нь зүйтэй.
Үүний зэрэгцээ төсвийн сахилга батыг хадгалах нь асар чухал, тэр дундаа уул уурхайн бус татварын орлогыг бууруулах бодлогоос зайлсхийх хэрэгтэй байна. Төрийн аливаа бодлогын дэмжлэг нь зорилтот, түр хугацааны шинжтэй, эмзэг бүлэгт чиглэсэн байх ёстой. Мөн эдийн засгийн бодлогын орон зайг хамгаалах үүднээс бодлогын дэмжлэгийг төсвийн тусгай шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилгоор эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, институцийг бэхжүүлэх чиглэлээр бүтцийн шинэчлэл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Газрын тосны шок, эрчим хүчний үнийн өсөлт олон улс оронд инфляцыг өдөөж байна. Үнийн өсөлтийн эсрэг хэн, ямар арга хэмжээ авах нь зохистой вэ? Бодлогын ямар хослол зохистой байх вэ?
Инфляц эрчим хүчний шокоос үүдэлтэй байх үед хэрэгжүүлэх бодлогын хослол нь тал бүрийн нөлөөллийг сайтар тооцож, тэнцвэржүүлсэн байх шаардлагатай. Төв банкнууд инфляцын хүлээлтийг тогтвортой барихад анхаарч, эхний ээлжинд эрчим хүчний үнийн шууд нөлөөг ажиглан, инфляц ужгирч эсвэл өргөн хүрээнд тархах тохиолдолд мөнгөний бодлогыг хатууруулахад бэлэн байх ёстой. Гол зорилго нь эдийн засгийн өсөлтөд шаардлагагүй дарамт учруулахгүйгээр хоёрдогч үеийн нөлөөг хязгаарлахад оршино.
Төсвийн бодлогын хүрээнд эмзэг бүлгийн өрхүүдийг түр хугацааны дэмжлэгт хамруулахын зэрэгцээ төсвийн сахилга батыг ерөнхийд нь хадгалах ёстой. Татаасыг өргөн хүрээнд олгох, үнийг хянах нь өндөр зардалтай бөгөөд зах зээлийн дохиог гажуудуулдаг учраас болж өгвөл зайлсхийх хэрэгтэй. Үнэ, ханш чөлөөтэй өөрчлөгдөж, уян хатан байх нөхцөлийг хангаснаар эдийн засаг шокийг илүү үр өгөөжтэй шингээх боломжтой болдог. Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх бүтцийн шинэчлэлүүд эдийн засгийн эрсдэл даах чадварыг урт хугацаанд сайжруулна.
ОУВС гишүүн орнуудтайгаа хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
ОУВС нь бодлогын хэлэлцүүлэг, эдийн засгийн тандалт судалгаа, шаардлагатай тохиолдолд санхүүжилт, мөн чадавх бэхжүүлэх чиглэлээр гишүүн орнуудтайгаа байнгын нягт хамтран ажилладаг. Монгол Улсын хувьд энэхүү хамтын ажиллагаа нь Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлэг явуулах, бодлого боловсруулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төвлөрч байна. Дараагийн Дүрмийн IV заалтын зөвлөлдөх хэлэлцүүлэг энэ оны зургаадугаар сард болох бөгөөд энэ хүрээнд эдийн засагт сүүлийн үед гарсан өөрчлөлтийг дүгнэж, шинээр үүсэж буй эрсдэлийг үнэлэн, цаашид хэрэгжүүлэх бодлогын зохистой хариу арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх боломж гарах юм.
ОУВС нь техник туслалцаа, сургалтаар дамжуулан төрийн санхүүгийн удирдлага, мөнгөний болон валютын ханшийн бодлого, санхүүгийн салбарын хяналт шалгалт, статистикийн чиглэлээр Монголын Улсын эрх бүхий байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Үүний үр дүнд бодлого боловсруулах тогтолцоо бэхжиж, макро эдийн засгийн удирдлага сайжирснаар Монгол Улсын шокийг даван туулах чадвар нэмэгдэн, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрддэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.