0

Их Британийн Кембриджшир мужид амьдардаг 10 настай Артур Салтмарш ховор тохиолддог, хурдан тархдаг цусны хорт хавдартай болох нь оношлогджээ. Гэвч түүний өвчний эхний шинж тэмдгийг эмч нар сэтгэл түгшүүр болон вирусын халдвар гэж андуурсан байна.
Ээж Пенни Салтмаршийн хэлснээр, 2025 оны 1-р сард Артур амьсгаа давчдах, ядрах, жин хасах зэрэг шинж тэмдэг илэрсэн ч анхны үзлэгээр түүнийг түр зуурын вирусын халдвар гэж үзжээ.
Гэвч хэдхэн долоо хоногийн дотор хүүгийн биеийн байдал эрс муудаж, алхах, шатаар өгсөх үед амьсгалахад хүндрэлтэй болж, хурдан жин хасч эхэлсэн байна. Эмч нар түүний шинж тэмдгийг астма, вирусын халдвар, зарим тохиолдолд бүр “сэтгэл түгшүүр” гэж хүртэл тайлбарлажээ.
Хожим нь эмнэлэгт яаралтай шинжилгээ хийхэд Артурын уушгины эргэн тойронд их хэмжээний шингэн хуримтлагдаж, цээжний хэсэгт том хавдар үүссэн нь тогтоогдсон байна. Үүний улмаас түүний уушги шахагдаж, зүрхэнд ачаалал өгч байжээ.
Цаашдын нарийвчилсан шинжилгээгээр тэрбээр Т эсийн лимфобластын лимфома гэх ховор, хурдан явцтай цусны хорт хавдартай болох нь батлагдсан байна.
Артур 2025 оны 2-р сараас эхлэн эрчимтэй хими эмчилгээ хийлгэж, 10-р сар гэхэд хавдар багассан ч урт хугацааны эмчилгээ үргэлжлэх шаардлагатай болжээ.
Ээж нь “Би анхнаасаа өөр эмчид үзүүлэх ёстой байсан юм шиг санагддаг. Гэхдээ бид эмч нарт итгэдэг шүү дээ” хэмээн харамсан ярьсан байна.
Тэрээр мөн эцэг эхчүүдэд “Хүүхдийнхээ биеийн байдалд ямар нэгэн зүйл буруу санагдвал зөн совиндоо итгэж, илүү найдвартай эмчид хандаж байгаарай” гэж уриалжээ.
Гэвч одоог хүртэл өвчний оношийг буруу тодорхойлсон эмчид хариуцлага тооцоогүй байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.