0

2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12:30 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Кимбаб Чонгүг” хоолны газарт засварын ажил хийж байх үед барилгын хана нурж, 15 настай хүү дарагдан газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ талаар талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийж, тухайн хэрэгтэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар өгөв.
Талийгаачийн нагац эгчийн хэлснээр, дүүг маань “Самушил” нэртэй ажил зуучлалын газраас анх барилгын хог хаягдал цэвэрлэх ажилд зуучилсан боловч бодит байдал дээр хүнд даацын хана нураах ажил хийлгэж байсан нь тогтоодсон. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархины хэсэгт хүнд гэмтэл авч нас барсан гэсэн. Самушил гэх газар ажилд зуучлахдаа хүүхдүүдийг гадаад төрөх, бие бялдрыг нь хараад бичиг баримтыг нь шалгахгүйгээр эхний удаадаа ажилд зуучилдаг гэсэн. Мөн “Самушил” гэх байгууллагаас ямар нэгэн эмгэнэл, нөхөн төлбөр ирээгүй бөгөөд ийм явдал олон гардаг, хуулийн дагуу явна гэсэн хариу өгсөнд гомдолтой байна. Мөн тэд тухайн ажил зуучлалын байгууллага насанд хүрээгүй хүүхдийг бичиг баримт шалгалгүйгээр ажилд зуучилдаг, өмнө нь ч ийм төрлийн зөрчил гарч байсан гэв.
Талийгаачийн хувьд бие муутай ээжийнхээ эм тариаг авахын тулд ажил хийж байсан бөгөөд сургуулиасаа хүртэл гарсан талаар ар гэрийнхэн нь мэдээллэв.
Харин өмгөөлөгч Т.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ, тухайн газарт хийсэн ажил нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилтэй байсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдийг барилгын хана нураах ажилд оролцуулсан нь хууль зөрчсөн нөхцөл байж болзошгүйг онцоллоо. Мөн холбогдох хууль, журмаар насанд хүрээгүй хүүхдээр ийм төрлийн хүнд, аюултай ажил хийлгэхийг хориглодог талаар дурдав.
Ар гэрийнхэн энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зөвлөхөд албан шаардлага гардуулж, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Цагдаагийн байгууллага уг хэрэгт хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.