dobu.mndobu

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: ₮2 сая хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 1 хувь болгож, ₮188 мянгыг иргэдийн гарт үлдээх хуулийн төслийг хэлэлцэнэ

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: ₮2 сая хүртэлх орлогод ногдох ХХОАТ-ыг 1 хувь болгож, ₮188 мянгыг иргэдийн гарт үлдээх хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2026.06.10) 16:30 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/

-Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүн 2026.03.19 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хувь хүний орлогын албан татвартай холбоотой хоёр хуулийн төсөл байгааг тайлбарлавал,

Засгийн газрын зүгээс өргөн барьсан ХХОАТ-ын тухай хуулийн төсөл нь иргэдийн сарын орлогын 792 мянган төгрөгт буюу жилийн орлогын 9 сая 504 мянган төгрөгт ногдох албан татварыг буцаан олгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, иргэн жилийн эцэст татвараасаа 950 мянган төгрөгийг буцаан авах юм. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн барьсан хуулийн төсөлд уг албан татварыг буцаан олгох бус анхнаас нь чөлөөлөхөөр тусгажээ. Мөн сарын 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1 хувийн татвартай болгохоор заажээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдвал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэний гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэх юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.