dobu.mndobu

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-12

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл нар өнөөдөр /2026.06.12/ Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Тигран Погосян нарыг хүлээн авч уулзлаа. 

Олон  Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгээс энэ сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хэмээн танилцуулав. Хэлэлцүүлгийн үр дүнд эдийн засгийн эрсдлийг тодорхойлох ба дунд хугацааны төсөөллийг шинэчлэх, бодлогын зөвлөмж боловсруулах ажээ. Тус сангаас өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндлөө.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад, УИХ-аас санхүү, мөнгөний бодлого, зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой тогтоол, шийдвэрүүдийг гаргаж буйг, мөн татварын багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн тухай дурдлаа. Тэрбээр Байнгын хорооны даргын ажлаа хүлээн аваад төв банкны удирдлагуудтай уулзаж, мөнгөний бодлогын асуудлаар санал солилцсон. Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа өнөө цагт зээлийн хүүг бодит цагийн горимд шилжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогод түлхүү анхаарна. Шаардлагатай гэж үзвэл төсвийн хуулийг бүрэн шинэчилж, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авна гэдгийг уулзалтын үеэр онцлов.

УИХ-ын гишүүдийн хувьд ОУВС-гийн зөвлөмжид туссан "Огцом шийдвэр гаргахгүй байх", "Ажлын байр нэмэгдүүлэх бодлого баримтлах" асуудалтай санал нийлж байгаагаа илэрхийллээ. Харин Байнгын хорооны дарга Б.Заяабал, уг зөвлөмж дэх Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн талаар дэмжих боломжгүй гэв. Учир нь нөхөрсөг найрсаг, бие биедээ харилцан туслалцаж, айл саахалтаараа аж төрж ирсэн монгол хүний ёс заншил, уламжлал, соёлыг эвдэх эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна гэлээ.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, улсын төсвийн зардал их зэрэг хүндрэлээс иргэдийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих бодлого баримталж, холбогдох яамд, байгууллагуудад мэргэжлийн зарчим, шаардлага тавьж ажиллахаа илэрхийлсэн.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.