dobu.mndobu

Скүүтер, мопедын үйлчилгээг түр зогсоож, шинэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах санал гаргав

Скүүтер, мопедын үйлчилгээг түр зогсоож, шинэ хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах санал гаргав

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ.

Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар шинэчлэн баталсан ажлын хэсгийг Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ ахалж ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналтын газар, Тээврийн прокурорын газар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд багтжээ.

Хуралдаанаар 2026 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн бөгөөд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Очирбат шинэчилсэн хуулиар нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн үйлчилгээний хяналт, зохицуулалтын тусгай бүлэг нэмэгдсэн болохыг онцоллоо. Тэрбээр 18 нас хүрсэн иргэн мопед, скүүтер жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд даатгалд хамрагдах зэрэг шинэ шаардлага мөрдөгдөх тул хэрэгжилтийн бэлтгэл хангагдах хүртэл скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох санал гаргав.

Мөн Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Галбадрах хууль хэрэгжихээс өмнө зөвшөөрөл олгох журам, улсын дугаар олголт, үзлэг оношлогоо, сургалт зэрэг зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолж, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох санал дэвшүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр хуулийн хэрэгжилтэд шаардлагатай дүрэм, журам, зохицуулалтыг богино хугацаанд боловсруулж, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэв. Тэрбээр явган хүний зам дээр скүүтер, мопед зорчуулахгүй байх байр сууриа илэрхийлж, тусгай зам байгуулах боломжийг судлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн нийслэлийн холбогдох агентлагуудыг аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай зөвшөөрөл, зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг 14 хоногийн дотор хангах чиглэл өгсөн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.