0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал,
Дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат,
Нярайн зүрхний гажиг, зулай, хэвлий, судас харах өндөр хүчин чадал бүхий эхо аппарат,
Нэгдсэн хяналтын систем,
Дутуу төрсөн нярайн өндөр чийгшилтэй инкубатор,
Тархины цахилгаан бичлэгийн аппарат,
Нярайн дефибрилятор зэргийг хүлээлгэн өглөө.
Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна. Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулахаар нийслэлийн санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан барилга байгууламжийн засвар, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг танилцууллаа. Тухайлбал, Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн тал хувь нь 2009 оноос хойш засварт ороогүй бөгөөд дулаан алдагдал ихтэй, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт 2013 оноос хойш их засвар хийгдээгүй гэв. Мөн А блокийн агааржуулалтын системийн шинэчлэлийг хийх, хоёр тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах, эх барих мэс заслын хэсгийн дурангийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд төрүүлэх, өсгөхөд ээлтэй орчин бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус төр, орон нутгийн хамтын үүрэг юм. Бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус, иргэдийн амьдралын чанараар хэмжих хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл монгол иргэнийг өсгөж бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно. Иймд шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ” гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.