dobu.mndobu

53 жилийн турш эзгүй арал дээр амьдарч буй 84 настай байгаль хамгаалагч

53 жилийн турш эзгүй арал дээр амьдарч буй 84 настай байгаль хамгаалагч

Америкийн хамгийн зэрлэг эмэгтэй хэмээн нэрлэгдэж байсан 84 настай экологич, байгаль судлаач Кэрол Ракдешел АНУ-ын Жоржиа мужийн Камберленд арал дээр 53 жилийн турш ганцаараа амьдарч, байгалийг хамгаалахын төлөө тэмцсээр иржээ. 

Тэрбээр долоо хоног бүр арлын далайн эргээр алхаж, ажигласан бүхнээ тэмдэглэн үлдээдэг. Далайн шувууд, яст мэлхий, далайн гахай, зэрлэг адуу зэрэг амьтдын талаарх түүний судалгааны тэмдэглэл нь шинжлэх ухааны үнэт эх сурвалж болжээ.

Ракдешел 1973 онд Камберленд аралд нүүж ирсэн бөгөөд өнөөдөр арлын цөөн байнгын оршин суугчдын нэг хэвээр байна. Түүнийг далайн яст мэлхийн судалгаанд оруулсан хувь нэмрийнх нь төлөө "далайн яст мэлхийн Жэйн Гудолл” хэмээн нэрлэдэг.

Мөн далайн эрэг дээр хаягдан гарч ирсэн мянга мянган яст мэлхийд задлан шинжилгээ хийж, олонх нь сам хорхойн агнуурын торонд орооцолдож живдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь загас агнуурын тоног төхөөрөмжийн загвар, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад нөлөөлсөн байна.

36 мянга гаруй акр талбай бүхий Камберленд арал нь АНУ-ын хамгийн онгон дагшин үндэсний далайн эргийн бүсүүдийн нэг юм. Тус аралд автомашин бараг явдаггүй, дэлгүүр, шатахуун түгээх станц, зочдын үйлчилгээ бараг байхгүй бөгөөд өдөрт хамгийн ихдээ 300 жуулчин нэвтрэх эрхтэй байдаг.

Ракдешел арлын хойд хэсэгт орших жижиг модон байшинд амьдарч, борооны ус цуглуулж хэрэглэдэг бөгөөд жимс, хүнсний ногоо тарьж, загасчилж, ан хийж амьжиргаагаа залгуулдаг. Өөрийн гэр болон лабораторийн ихэнх хэсгийг олдсон материал ашиглан барьжээ.

Сүүлийн жилүүдэд Камберлендийн ховор экосистемийг хамгаалах ажилд голлон анхаарч байна. Тухайлбал, арал дээр шинэ орон сууц барих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дэд бүтэц байгуулах зэрэг төлөвлөгөөг эсэргүүцэж, байгалийн унаган төрхийг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм.

“Би өдөр бүр шинэ зүйл сурдаг. Тиймээс л энэ газарт хайртай” хэмээн Кэрол Ракдешел ярьжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.