dobu.mndobu

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн "ОНЦЛОХ ЗААЛТ"-аас

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-25

Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн "ОНЦЛОХ ЗААЛТ"-аас

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарын 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барьсан Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг энэ 7 хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

Тэгвэл Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн "ОНЦЛОХ ЗААЛТ"-аас хүргэж байна.

-Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь "Нийгмийн орон сууц", "Хөлсний орон сууц", "Хөлслөөд өмчлөх орон сууц" гэсэн гурван төрөлтэй байна.

- "Хөлсний орон сууц" гэдэг нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй, тогтмол орлоготой иргэнд зах зээлийн ханшаас хөнгөлөлттэй үнээр тогтоосон хугацаанд эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг хэлнэ.

-"Хөлслөөд өмчлөх орон сууц" гэдэг нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй, тогтмол орлоготой иргэнд орон сууцны үнийг урт хугацаанд төлүүлэх замаар өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг хэлнэ.

- "Нийгмийн орон сууц"-нд орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, "Хөлсний орон сууц" болон "Хөлслөөд өмчлөх орон сууц"-нд хамрагдах боломжгүй зорилтод бүлгийн иргэнийг хамруулна.

-"Нийгмийн орон сууц"-нд хамрагдах иргэний сард төлөх төлбөрийн хэмжээ нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь, орон сууцны талбайн хэмжээ 30 м.квадратаас ихгүй байна.

- "Хөлсний орон сууц"-нд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй ч "Хөлсний орон сууц"-ны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.

- "Хөлсний орон сууц"-ны талбайн хэмжээ 36 м.квадратаас ихгүй байх ба иргэнийг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр 5 хүртэлх жилийн хугацаагаар ашиглуулна.

- "Хөлслөөд өмчлөх орон сууц"-ыг хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд сарын суурь төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх замаар тухайн орон сууцны үнийн дүнг бүрэн төлснөөр орон сууцыг өмчилнө.

- "Хөлслөөд өмчлөх орон сууц"-ны талбайн хэмжээ 60 м.квадратаас ихгүй байх ба орон сууцыг өөрийн өмчлөлт шилжүүлснээс хойш 5 жилийн дотор Үндэсний орон сууцны карпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.

- Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүжилтэд зориулсан урт хугацааны эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, хуваарилах зэргээр санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, дэмжих тусгайлсан чиг үүрэг бүхий төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг "Үндэсний орон сууцны карпораци" гэж нэрлэнэ.

- "Үндэсний орон сууцны карпораци" нь хуульд заасан орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийн хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, өрхийн урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд БАТЛАН ДААЛТ гаргана.

- "Үндэсний орон сууцны карпораци" нь орон сууц барих, орон сууцны төсөл хэрэгжүүлэх, шинэ суурьшлын бүс байгуулах зориулалттай газар эзэмшиж, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж, санхүүжилт олгоно.

- "Үндэсний орон сууцны карпораци"-ийн хувьцаа эзэмшигч нь ЗАСГИЙН ГАЗАР байна. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж болно.

- "Үндэсний орон сууцны карпораци"-ийн ТУЗ-ийг 9 гишүүнтэйгээр 4 жилийн хугацаатай сонгох ба 3 нь хараат бус гишүүн, 6 нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байна.

- "Үндэсний орон сууцны карпораци" нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргах бөгөөд жилийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хавсаргана.

- "Үндэсний орон сууцны карпораци"-ийн жилийн тайлан, тайлан хэлцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг олон нийтэд мэдээлнэ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.