0

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос Монгол Улсад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар болон боловсролын салбар дахь хүйсийн ялгаатай байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Нас баралтын дийлэнх шалтгаан нь өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Дэлхийн банкны судалгаагаар эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг нь тогтоогдсон. Мөн хөдөлмөрийн насны буюу 30–59 насны эрчүүдийн эмнэлэгт хандах хандлага бага байгаа нь судалгаагаар батлагдсан. Хамгийн тулгамдсан асуудлын нэг нь сэтгэцийн эрүүл мэнд бөгөөд үүнээс шалтгаалан амиа хорлолтын түвшин өндөр хэвээр байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн олон улсын боловсролын чанарын үнэлгээгээр хөвгүүдийн унших чадвар охидоос дунджаар нэг жилээс илүү хоцрогдолтой байгаа нь тогтоогджээ. Энэ нь суурь чадварын хоцрогдол үүсгэж, бусад хичээлд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Иймээс сургууль завсардалт, хоцрогдлыг бууруулах зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, хөвгүүдийн суралцах хэв маягт нийцсэн сургалтын арга зүйг хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
ХЭҮК-оос эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэцийн байдал болон боловсролын хоцрогдлын асуудалд цогцоор нь анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.