0

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Нийгмийн хамгаалал-Нийтийн халамж” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Асуулгын цагаар сөрөг хүчний ес, олонхийн бүлгийн хоёр, бусад улс төрийн нам эвслийн хоёр гишүүн нийгмийн халамж, хамгааллын бодлого, энэ хүрээнд хийгдэж буй шинэчлэл, шинэчлэн өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нийгмийн хамгаалал гэдэг ойлголт нийтийн халамж болж хувирлаа. Хүүхдээс гадна 1 сая иргэн ямар нэг байдлаар халамжид хамрагдаж байна. Халамж хавтгайрсан. Ажиллах хүч нь 1.2 сая. 2.5 их наяд мөнгөн дүн бүхий халамж яригдаж байна. Эдгээр тоонуудаа та бүхэн ойлгож байна уу.

Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга ажил эрхлэлтийг нэмэгдүүлье гэж байгаа юм. Ажил эрхлэлт өндөр бол хөдөлмөрийн орлого өндөр байдаг. Хөдөлмөрийн орлого өндөр байвал дотоодод үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүн өсдөг. Ингэснээр өрх болгонд очих эдийн засгийн өсөлт хангагдах юм.
Нийгмийн хамгаалал, халамж хоёрыг нэг саванд хийсэн нь үнэн. Үүнийг шийдэх гэж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүллээ. Эдийн засгийн өсөлт болоод ДНБ-ий өсөлтийг өрх бүрд хүргэх зорилготой. Нийгмийн хамгаалал гэдэг амьдралын аль нэг мөчлөгт хүнд тохиолдож болох эдийн засаг, нийгмийн эрсдэлээс хамгаалах бодлого. Нийгмийн халамж харин нийгмийн хамгааллын бүрэлдэхүүн хэсэг. Эмзэг байдлыг бууруулах тусгай бодлого. Гэтэл халамж өндөр гэж бид ярьдаг. Жилд 2.4 их наядыг халамж, хамгаалал хоёроо нэг саванд хийгээд иргэдэд хүргэж байгаа. Үүний 1.7 их наяд нь хүүхдийн мөнгө байгаа юм. Нийгмийн хамгаалал, халамж хоёроо салгаж ойлгоё. Нийгмийн халамж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийг Засгийн газар УИХ-д хүргүүлсэн. Халамжийг хамгааллаас салгаж харах хууль гэж ойлгож болно.
Хүүхдийн мөнгөний бодлогын үр дүнд хүн амын тоо 400 мянгаар өсчихлөө. Тэгэхээр үүнийг Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуульд оруулж, хэзээ дуусах вэ гэдэг концепцийг углуургаар нь харж байна. Халамж хавтгайрлаа гэж шүүмжилдэг ч зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаа. Сонгуулийн циклүүдийн өмнө хайр зарлаж, найр тавьсаар байгаад тогтолцоог эвдчихэж. Үүнийг засах гурван хууль оруулж ирээд хэлэлцүүлж байна.
370 мянган зорилтод бүлэгт л халамж очиж байна. 1.1 сая биш шүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс та нарт халамж хавтгайрч байна уу гээд асуу. Хөдөлмөрийн чадвараа алдсаны хувь хэмжээг зөв тогтоосон уу. Үйлдлийн чадамжийг ялгаатай тогтоосон уу. Нийгмийн эмзэг бүлэгт хүнсний талон гэж 20 мянган төгрөг тараагаад тэр нь ядуурлаас гаргасан уу. Халамж зорилтод бүлэгтээ хүрэхгүй байна. Хүн амаа өсгөх бодлогоо халамжтай андуураад байгаа юм.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: ГБХНХ-ын сайдын багцад 4.6 их наяд бий. Энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгө хаашаа чиглэж байгааг харуулж байна. Хамгийн сайн халамжийн бодлого бол ажлын байр бий болгох. Гэтэл өнөөгийн эрх баригчид ажлын байр бий болгохдоо татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчит ажлын байр нэмдэг. Энэ нь явсаар байгаад МАН-ын хамаарал бүхий гишүүдийн төрийн албыг бүрдүүлж, ТӨК нь асрамж, халамжийн газар болчихлоо?

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит компаний засаглал болохгүй байгаа. Үүнтэй санал нэг. Засаглал болохгүй байгаа учраас сая ажлаа аваад 14 компанийг татан буулгалаа. “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангийн хуулийн дагуу ногдол ашиг, орлогыг иргэдэд хүргэх зөв жишгийг тогтоосон. Өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар “Чингис хаан баялгийн сан”, төрийн өмчит компаниудад Узбекстанд хөрөнгө босгосны адилаар Олон улсын хөрөнгийн менежментийн компани ажиллуулахаар нээлттэй урилга хүргүүлчихлээ. Наадмаас өмнө аль нэг компанид компаний менежментийг сайжруулж, ашиг орлогыг иргэний халаасанд хүргэх менежментийг нь бүрэн өгнө.
Төрийн өмчит компаниуд болохгүй байгаа учраас ТӨК-ий тухай хуулийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Их хурлын гишүүдэд үнэхээр талархаж байгаа. Эдгээр хуулиудыг баталсны дараа Монголд хувьсгал авчирна шүү. Төрийн өмчит компаний хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс гэж хугацаа тавьсан юм билээ. Хугацааг наашлуулчихвал ТУЗ-ийг хуулийн дагуу бүгдийг нь чөлөөлнө. Гүйцэтгэх захирлуудад хуульд заасны дагуу шаардлага тавина. Хийсэн ажлын үр дүнгээр нь үнэлнэ. Ногдол ашиг хуримтлуудаад, өр төлбөрөөс гаргаад явж байвал түүнийг нь урамшуулна.
14 төрийн өмчит компанийг татан буулгаад цомхотгол хийсэн хэдэн Ерөнхий сайд байсан бэ. ТӨК-ийг засаглалын хямралд оруулсан хүмүүс нь танай, манай намд аль, алинд нь бий.
2024 оны сонгуулийн дараа ТӨК-ийг МАН, АН хамтдаа завааруулсан. Үүнийг ярих ёстой. Хэрэгтэй, хэрэггүй бүтээмжийн менежерүүдийг хамтдаа тавьсан. Энэ хариуцлагаас хэн ч зугтахгүй. Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төсөл батлагдсанаар бодит чөлөөлөлтүүд хийгдэнэ. ТӨК-ий хууль батлагдсаны дараа хуульд тавьсан шалгуур, шаардлагыг давж Гүйцэтгэх захирал суух хүн төдийлөн олдохгүй дээ. Мэдлэг боловсролтой, шалгуурт нийцсэн хүн л олдоно.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Түүхээр нотлогдсон бодлогоор ядуурлыг бууруулахгүй нь тодорхой болчихлоо. Одоо цаашдаа яах юм бэ. Үлгэрийн хоёрдугаар ангийг зохиож ярих хэрэг байна уу?
Ерөнхий сайд Н.Учрал: О.Цогтгэрэл дарга их гутранги хүн юм. Болохгүй, бүтэхгүй л гээд байх юм. Бидний үеийнхэн болгоно, бүтээнэ гэдэг үе. 260 орон тоо бууруулсан. 67 тэрбумыг хэмнэчихлээ. Та тэр 14 компанийг одоо олж чадахгүй. Таны ярьж байгаа ТӨК-иудад хувь, хувьцаа гаргах чинь Их хурлын эрх. Энэ ажлыг хэнээр хийлгэх ёстой вэ гэхээр Хөрөнгө оруулалт, менежментийн компани Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн дагуу менежмент хийж, өгөөжийг тооцдог байхгүй юу. ХОМК-д л өгье. Тэд харин эдгээр компаний 5, 10, 15 хувийг нийлүүлээд хөрөнгө оруулалтын багц болгоод гаргавал дунд нь компаний засаглал сайжирдаг. Энэ бол онол. Би ажлаа онолын дагуу ажлаа хийж байна. Сурч мэдсэн мэдлэг боловсролоо ашиглаж хийж байгаа шүү. Надад ТӨК-ий тухай, Бизнесийн эрх чөлөөний хуулийн төслүүдийг батлаад өгчих. 2028 оноос өмнө ТӨК-ийг олон улсад гаргаж, мөнгө босгож үзүүлье. Онол, амьдрал хоёр үргэлж хамт байдаг.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин алга. Эсрэгээрээ Их дээд сургууль төгссөн атлаа ажил хийдэг залуус алга. Ажил хөдөлмөрт бэлтгэгдсэн хэсэг нь гадагшаа гараад явчихлаа. Эсвэл гарахад бэлэн байгаа. Хөдөлмөрийн зах зээлийг тэлэх чиглэлд юу хийх вэ?
Ерөнхий сайд Н.Учрал: 40 гаруй төрлийн халамж байна. Хүүхдийн мөнгө бол хүн амаа өсгөх маш зөв бодлого. Халамж биш шүү. Халамж гэдэг савандаа зорилтот бүлэгт чиглэсэн тусгай зорилтот хөтөлбөрүүдээ хийнэ. Тэгж байж зорилтот бүлэг маань халамжийн үр шимээ хүртэх юм. Халамжлуулах шаардлагатай бүлэг сэтгэл хангалуун бус байгаа нь үүнтэй холбоотой. Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Бизнесийн эрх чөлөөг дэмжих 100 хуулийн өөрчлөлтөд АН маш сайн хамтарч ажилласан. Талархаж байгаа. Үүний дараа хүний утас авахгүй байж байгаад төрийн өмчтүүдийг цэгцэлнэ ээ.
Та ажил хэрэгч бус байна. Ямар сонгууль болж байгаа биш. Би төрийн ажлаа хийж байна. 1990 оны бага төрөлтийнхөн хөдөлмөрийн зах зээлийг авч явж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин хомс болсон. Тиймээс ахмадуудыг ашиглах буюу ажил олгогч, ажилтны шимтгэлийг чөлөөлөх бодлогыг оруулж ирлээ. Татварын хууль дандаа ажлын байр нэмэгдүүлэх зорилготой. Манай Засгийн газрын өргөн барьсан хууль, Ж.Баярмаа гишүүний өргөн барьсан хуулиуд дандаа хөдөлмөр эрхлэлтээс үлдсэн орлогыг иргэдийн халаасанд үлдээх юм. Үндэсний бүтээмжийг дээшлүүлэх мастер төлөвлөгөөг Засгийн газар дээр боловсруулж байна.
Ядуурал зөвхөн тоо, цалин биш. Боловсрол, эрүүл мэндийн тухай асуудал. Нэг үгээр хэлбэл боломжийн ядуурал үүсчихлээ. Сая Булган аймагт “Ногоон өртөө” нээгээд ирлээ. Улс орны өнцөг булан бүрд очоод амарч суугаад, усанд ороод явдаг боломжийг бий болгоё. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн зөв замыг сонгоод явна. Хэдүүлээ улс төр биш ажил ярья. Халамж, хамгааллыг салгая гэдэгт АН санал нэг байгаа гэдэг итгэлтэй боллоо. Хуулийг удахгүй оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Халамж зорилтот бүлэгт хүрэхгүй байна гэж та хэллээ. Тэгвэл яаж 2.4 их наядаа зорилтод бүлэгт хүргэх юм бэ. Дэвшүүлж буй бодлого чинь ямар хугацаанд үр дүнгээ өгөх вэ.
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол парламентын засаглалтай. Парламентаас баталсан 5 жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлж байна. Жил бүхэн гүйцэтгэлээ тайлагнаад явдаг. Хуулийн дор ажиллаж байгаа. Их хуралд ажлаа тайлагнаад явна. Би 80 хонож байна. Төр иргэндээ итгэж чаддаг гэдгийг үзүүлэхийг зорьж байгаа. Бизнесийн эрх чөлөөний хуулийг өргөн мэдүүллээ. Бүтэн жил ажилласан хууль шүү. 100 хуулийн өөрчлөлт байгаа. Энэ хууль батлагдсаны дараа 41 тусгай зөвшөөрлийг энгийн рүү шилжүүлнэ. Тусгай зөвшөөрлөө сунгах компаниудад эрсдэлийн үнэлгээ хийгээд шууд 10 жилээр сунгана. Энэ бүхэн дандаа хөрөнгө оруулалтын орчин сайжруулах боломж. Сая Эдийн засгийн чуулганд явж, хөрөнгө оруулагчидтай уулзаад ирлээ. 120 хүн даваа гарагт ирж Монголд чуулах нь ээ. Энэ үеэр бодит хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаанд татна. Тендер хиймэл оюун руу шилжинэ. Засаглалыг хараат бус байлгах болно.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Таниас амлалт биелж байна уу гэдгийг асууя. Ядуурлыг та бүхэн бууруулна гэсэн. Ажлаа хийв үү?

Ерөнхий сайд Н.Учрал: 2016 оноос хойш Их хурлын гишүүн хийхдээ өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж ирсэн. Цахим салбарыг хөгжүүлж, 7 хууль батлуулж, индексийг 28 байр урагшлууллаа. Цахим засаглалын сүүлчийн цэгийг Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслөөр хатгаж байна. Их хурлын гишүүнээр ажиллахдаа Залуучуудын, Багшийн хуулийг батлуулсан. Туслах багшийн орон тоог батлууллаа. Багшийн хөгжлийг дэмжих хуулийг санаачилж батлуулсан. Хариуцсан ажлаа аваад хариуцлагатайгаар л хийлээ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн өмчит компаний тухай хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ бол хувьсгал. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцааг 30-28 хувь хүртэл буулгах төсөл оруулж ирсэн. Хувийн хэвшилд орон зай бий болгосон шүү.
Хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн нь миний цаг үе. Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байна. Энэ хугацаанд зүтгэж байгаа. Олон жил дуусдаггүй яриаг дуусгах гээд явж байгаа. Суурь реформуудыг хийлээ. Гишүүдийн хамтаар энэ бүхнийг өөрчиллөө. Та бүхэнд баярлалаа. Хэрэгжүүлэх ажлыг би хийнэ. Хэзээ хувь тэтгэврийн асуудлыг УИХ руу оруулж ирсэн юм. Бид хамтдаа оруулаад ирлээ. Суурь реформуудыг хийж чадлаа. 146 бизнесийн үйл ажиллагааг нээснээр 500 гаруй компани нээгдсэн. Надтай уулзая гээд явж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Бүх насаараа төр түмний төлөө зүтгээд тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байгаа 450 мянган иргэн байна. Та энэ мөнгөөр хэд хоног амьдрах вэ. Тэтгэвэр гараад ахмадууд ядуурлын эгнээнд шилжиж байгаа шүү. Энэ нийгмийн хамгаалал юм уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр сонгууль болж байгаа юм шиг л байна даа. Та ч дарга байсан шүү. 10 хүний 6 нь бага тэтгэвэр аваад байгаа учраас шинэчилье гээд байгаа юм. Таны үзэл санаа, зарчим, ард түмнээ сайхан амьдруулах хүслийг асар хүндэтгэж яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг оруулж ирлээ. Их хурлын гишүүд батлаад өгвөл тэтгэврийн шударга тогтолцоо бий болно. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа 57 хувийн 3/1 нь 25 жилээс дээш ажилласан. Ингэж ажиллачихаад тэтгэврийн доод хэмжээгээр авч байгааг өөрчилнө.
2013 оноос өмнөх нь 1.4, 2018 оноос хойшхи нь 2.4 сая гэж бодуулчихаад хэдхэн жилийн зөрүүнд асуудал үүсээд байгаа юм. Энд 140 мянган хүн байгаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүнд ажилласан жилээр бодож “Баталгаат тэтгэвэр” нэмэхгүй бол НД-ын сангийн алдагдал жил бүхэн ихэснэ. Нийгмийн даатгалын сан 2050 онд 40 их наяд руу хүрч, төсөв баталж чадахгүйд хүрэх нь ээ. Тэтгэврийн доод хэмжээ чинь амьдралын баталгаа болж чадахгүй байгаа юм. Тэдэнд ажилласан жилээр нь уялдуулж нэмээд явна аа. Таны үзэл санаа зөв. Надад шийдэх гарц байна. Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх гэж л энэ реформыг хийж байгаа. 10 хувиар адил тэгш нэмэхээр ялгааг улам л ихэсгэнэ. Зөрүүг илүү ойртуулна. Би 10 хоногийн өмнөх мэдээллээр хэзээ ч ярихгүй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Эрдэнэс Монгол” тэргүүтэй компаниудын захирлын цалинг аудитын газраас авлаа. Нэг дарга 30 сая төгрөгийн цалин авч байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянга байгаа. Нэг монгол иргэн тэтгэмжээр 480 мянга хамгийн ихдээ авдаг. Монгол Улсын иргэд хэзээ танай намын дарга нар шиг амьдрах вэ.

Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газрын дэвшүүлээд байгаа шийдлүүдийн оршлыг маш сайн тавих юм. Би ахиад хэлье. Болж байсан бол би Төрийн өмчит компаний засаглалын тухай хуулийг хэлэлцүүлээд өгөөч гэж гуйхгүй шүү дээ. Болж байсан бол Тэтгэврийн хуулийг батлаад өг гэж гуйхгүй. Болохгүй байгаад л оруулаад ирлээ. Болохгүй байгаа учраас 260 орон тоо цөөлчихлөө. Монгол хүн оролцоод байгаа учраас гаднаас ХОМК томилох гээд байгаа юм. Үнэхээр ашиг орлого олоод, баялгийг төвлөрүүлээд, ард иргэдэд өгөөж нь очоод байвал цалин урамшуулал авах нь нээлттэй. Алдагдалтай бол ийм цалин авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. ТӨК-ий тухай хуулиа батлаад өгчих. Наадмаас өмнө гадны менежмент оруулж байгаад цэгцлээд өгье. Сюрприз барина. Харин ар өврөөс янз бүрийн хүн амьтан яриад байв. Ер нь тэгээд Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм билээ. Хүн амьтан яриад, маргааш нь оруулаад ирэхээр эсэргүүцдэг. Надад жаахан хугацаа өгөөрэй.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Би тантай далд халамжийн талаар ярина аа. Хагас коксон түлшний талаар ярья. Манайх өөрсдөө нүүрстэй атлаа Хятад улсаас нүүрс авч түлээд 2 жил болж байна. 360 мянган тонныг авчээ. Хил дээр ирж буй тонн тутмын үнэ 780, Улаанбаатарт ирэх өртөг 1.1 сая ч гэлээ иргэдэд худалдах үнэ нь 200 мянга. Төрөөс 960 мянгыг дааж байгаа нь далд халамж юм. 355 тэрбумаар нүүрс авчээ. Өнөө жил дахиад нүүрс авна гээд төсвийг нь баталчихлаа. Энэ бидний бодлого мөн юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Агаарын бохирдлыг бууруулахад хийж буй алхам. Иргэний гэрт бага үнээр авч очихын тулд төсөвт ачаалал авч ирсэн юм билээ. Гэхдээ Багануурт нүүрс-пиролизийн үйлдвэр барих ажлыг Лу.Гантөмөр дарга бид хоёр ярьж эхэлсэн. Хэчнээн ч хугацаа өнгөрөв. Энэ ажлыг явуулна. Ирэх жилээс гаднаас түлш авдгийг зогсооно. Багануурт 350 мянган тонн нүүрсийг шинжлүүлж, сайн гэдэг дүгнэлт гарсан. Одоо гарын үсэг зурах баталгаа гаргана. Хятадын Ерөнхий сайдтай Даляньд уулзахдаа энэ асуудлыг уламжилсан. Ирэх долоо хоногийн мягмар гарагт Багануурын пиролизийн үйлдвэр дээр ажиллаж, сонгон шалгаруулалт зарлана. Хагас коксон нүүрсийг Багануурын уурхайг түшиглэж үйлдвэрлэнэ. Энэ жилийн хувьд НИТХ шийдсэн мэдээлэл авсан. Шийдэхгүй бол иргэдэд ачаалал их ирнэ. Энэ ажилд С.Цэнгүүн гишүүн манлайлж, хариуцлагатай санал дэвшүүлсэнд баяртай байна. Ажлын хэсгийг ахалсан ч болно шүү.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Ямар иргэдийг дундаж давхаргын иргэд гэж нэрлэх вэ гэдгийг та тодорхойлж өгөөч.
Ерөнхий сайд Н.Учрал: Дундаж давхаргыг улс орон бүр янз бүрээр тодорхойлдог. Нийгмийн анги давхарга гэж Монголд байхгүй. Нийгмийн хамгаалал, халамжаа ялгая гэдэг нь үүнтэй холбоотой. Манай Засгийн газар дундаж давхаргыг дэмжих бодлого барьж байна. “Чөлөөлье” санаачилга ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого юм. Нийгмийн даатгалын хуульд ч өндөр цалин өгвөл цалингийнхаа хэмжээгээр ажил олгогчийг чи өмнөөс нь шимтгэл төл гэж торгоод байж болохгүй. Оюутан залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж буй нь ч шинэ ажлын байр нэмэх, ажил олгогчийг торгохгүй байх бодлого юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Та нэг гараараа компаниудыг татан буулгаж хэмнэлт хийх атлаа нөгөө гараараа нэмж байгуулаад байна. Орон сууцжуулалтын банк байгуулна, Үндэсний орон сууцны корпораци байгуулна гээд ороод иржээ. Үүнд тайлбар өгөөч?
Ерөнхий сайд Н.Учрал: Орон сууцны банкны 34 хувь дээр төр “Голден шэйр” эзэмшинэ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Нүүрс тээврийн салбарын үнэд “Эрдэнэс Тавантолгой” компаний биржийн үнэ нөлөөлж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. Хямд үнэ санал болгож буй нь өрсөлдөөний зарчмыг зөрчөөд байгаа юм?
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол Улс 2025 онд 90 сая тонн нүүрс экспортолсноос биржээр 8.5 сая тонн буюу нийт нүүрсийн 9.4 хувь. Биржээр арилжаалах асуудалд нээлттэй сонгон шалгаруулалт хийгддэг. Тээврийг салгах асуудал хуульд явж байгаа. Хуулиараа салчихвал ажил явуулахад амар болно.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах: Боловсролын салбарт хийх шинэчлэлийг судалгаатай хийгээрэй гэж хүсье. Багшийн хомсдолд нэг ч төгрөг зарцуулахгүй юм байна. Дэлхий нийтээр цахим шилжилтээс татгалзаж байхад яам өөрөө “Chrome book” байгуулна гээд явж байх юм?
Ерөнхий сайд Н.Учрал: 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг барих талаар таны танилцуулсан саналыг санаж байгаа. Би энэ зарчмыг барьж ажиллана. Энэ жил улсын хэмжээнд 53 сургууль, 33 цэцэрлэг ашиглалтад орно. Азийн хөгжлийн болон Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 76 цэцэрлэг, сургууль, нийслэлийн төсвөөр 18 сургууль цэцэрлэг цаашдаа үе шаттай ашиглалтад орно. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг зарчим буюу анги дүүргэлт өндөр байхаар туслах багшгүй болохоор хүүхэд бүхэнд хүрч ажиллаж чадахгүй байгаа асуудал бий. Хүртээмжийг нэмэгдүүлэх гэж цахим системийг дэмжиж байгаа юм. Төр огт үйлдвэр барихгүй. Угсрах үйлдвэрээ гадныхан өөрсдөө барина. Нэг ч гэсэн ажлын байр нэмэгдүүлэх сайн талтай.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Нийгмийн даатгалын нэмэлт өөрчлөлт даатгалын бүтцийн асуудлыг шийднэ гэж үзэж байна уу. Урт хугацааны шинэчлэл хийж чадах уу?
Ерөнхий сайд Н.Учрал: Нийгмийн даатгалын шинэчлэл хөдөлмөр эрхлэлтийг л дэмжинэ. Мотивац өгнө. Сангийн алдагдал жил ирэх тусам нэмэгдэж буй нь илүү олон жил ажиллая, хөдөлмөрлөе гэдэг сонирхолгүй болсон учраас тэр юм. Тэтгэврийн насыг наашлуулж өгөөч гэж байгаа нь буруу биш. Бид олон жил төлснийг урамшуулах тогтолцоо руу даруйхан шилжих ёстой. Үүнийг хуульдаа тусгалаа. Баталгаат тэтгэвэр төрийн мөнгө биш. Өөрийнх нь олон жил ажилласны урамшуул.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Тогтолцооны шинэчлэл хийх төлөвлөгөө байна уу. Цахим системийн шинэчлэлээ ашиглаад орлого, зарлагын тогтолцоог илүү боловсронгуй болгоё.
Ерөнхий сайд Н.Учрал: Жил бүхэн төсөв өргөн барихдаа орлого, зарлагын бүртгэлтэй төсөв бариад байна. Энэхүү төсвийн бодлого өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь ч хоцрогдсон. Хувийн компани хэдий хэмжээний хөрөнгөтэй юм гэдгээ тодорхойлж байж орлого, зарлага тавьж төсвөө баталдаг шүү дээ. Ирэх намрын төсөвт бодит алхам хийнэ. Ядахдаа төр хөрөнгөө тоолъё. Цахим систем ашиглахад бид бэлэн. НӨАТ-ыг олон жилийн дараа шийдлээ. Өнөөдөр гишүүд дашбоард дээр рийл таймаар бүх мэдээллийг харж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөний хууль дагасан 99 хуульд цахим ашиглаж татвар, халамж, бусад эдийн засгийн бодлогыг их өгөгдөлд суурилж шийдвэрлэнэ гэдэг заалтыг оруулсанд олзуурхаж байгаа.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.