dobu.mndobu

Даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-03

Даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ

Өнөөдөр буюу 2026.07.02-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа боловсруулж, өргөн барих хүртэл нь анхуурал хандуулсан хүний хувьд энэ хуулийн үр өгөөжийг өөдрөгөөр харж байна. 

Тус хуулинд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан. Үүнд:

Тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлнэ. 

Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно. 2027.01.01-нээс 435 мянган ахмад настанд 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно. 

Тэтгэврийн даатгалын параметрийг шинэчилнэ. 

Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ. 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр бодно. Нэрийн дансны даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцом буурахгүй. Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг 4%-иар нэмэгдүүлнэ. Наснаасаа өмнө гарвал 4% буурна. 

Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдсэн.

Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно. Сайн дураар шимтгэлээ хувийн тэтгэврийн сангуудад төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэв.

Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах бол шимтгэлийн чөлөөлөлт үзүүлнэ. 

Албан бус салбарт ажиллагчдын ирээдүйн нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө. 

Жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ. 

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, 5 хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө. 

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. 

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан өөрт таатай нөхцөлтэй нэг гэрээг сонгон нийгмийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллахад нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно. 

Ажил олгогчийг дэмжинэ, шимтгэлийн хэмжээг бууруулна. 

Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5%, 1.5%, 2.5% байсныг 0.3%, 1.2%, 2.2% болгон тус тус бууруулна. 

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчид нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. 

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн, их сургууль, коллежид дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө. 

Чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой. Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа ажил олгогч зөвхөн ҮОМШӨ-ний даатгалын шимтгэл төлнө. Энэхүү шинэчлэлээр урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.