dobu.mndobu

Алга болсон хоёр настай хүүгээ 24 жилийн турш 500 мянган км хайсан аав

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-24

Алга болсон хоёр настай хүүгээ 24 жилийн турш  500 мянган км хайсан аав

Хятадын Шаньдун мужид Го Гангтангийн хоёр настай хүү Го Шинжэнь 1997 онд гэрийнхээ гадаа тоглож байхдаа алга болжээ.

Ихэнх гэр бүлийн хувьд алга болсон хүүхдээ хайх найдвар цаг хугацааны эрхэнд бөхдөг бол Го Гангтанг бууж өгсөнгүй. Тэрбээр мотоциклийнхоо ард хүүгийнхээ зурагтай самбар байрлуулан, Хятадын 20 гаруй мужаар дамжин тасралтгүй эрэн хайсаар байв.

24 жилийн хугацаанд тэр нийт 500,000 гаруй километр зам туулж, осолд орсон ч амьд үлдэж, 10 мотоцикль элээжээ. Тэрбээр мөнгөгүй болж хонох газаргүй үедээ гүүрэн доор хоноглох үе ч байсан ч хүүгээ олох итгэлээ хэзээ ч алдаагүй юм.

Өөрийнхөө хүүг хайхын зэрэгцээ түүнтэй адил зовлон туулж буй эцэг эхчүүдэд ч тусалж байв. Тэрээр 2012 онд долоон гэр бүлд алга болсон хүүхдүүдийг нь олж өгөн, хүүхэд эрэн хайх онлайн платформ зохион бүтээсэн байна.

Го Гангтангийн тууштай тэмцэл олон хүнд урам зориг өгсөн бөгөөд түүний бодит түүхээс сэдэвлэн 2015 онд Энди Лаугийн гол дүрд нь тоглосон “Lost and Love” кино бүтээгджээ.

Эцэст нь 2021 онд, хүү нь алга болсноос хойш 24 жилийн дараа тэд уулзсан юм.

Тухайн үед Го Шинжэнь Хэнань мужид багшаар ажиллаж, өөрийн гэсэн гэр бүлтэй болсон байв. Тэрбээр хоёр настайгаасаа эхлэн өөр нэгэн гэр бүлд өссөн бөгөөд өөрийгөө өргөмөл хүүхэд гэдгээ мэдэлгүй, тэднийг төрсөн эцэг эх нь гэж итгэн өсжээ. Иймээс тэр өөрийг нь өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхийнхээ хамт Хэнань мужид үргэлжлүүлэн амьдрахаар шийдвэр гаргасан байна.

Го Гангтанг хүүгийнхээ энэ шийдвэрийг бүрэн хүндэтгэсэн бөгөөд түүнийг хайрлаж өсгөсөн өргөмөл эцэг эхэд нь талархаж, цаашид тэдэнтэй хамаатан садан шигээ ойр дотно харилцаатай байх болно гэдгээ илэрхийлжээ.

Энэ түүх бол эцэг хүний хайр, итгэл найдвар, тууштай тэмцэл цаг хугацааг даван ялж чаддгийн тод жишээ болсон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.