0

Монгол Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг албан тушаалаас нь чөлөөлсөн нь Ардчилсан намынханд таалагдсангүй. Тэд төрийн албаны хуулийг зөрчлөө, сонгогчдын эрхэнд ноцтой халдсан энэ үйлдлээ буцаахгүй бол шүүхэд хандана, улмаар Ерөнхий сайдыг огцруулна гэж мэдэгджээ.
Гэвч АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэн гарч ирэн үхэн хатан хамгаалж буй Е.Зангар гэгч нь өөрөө хэр ёсзүйтэй, хамгаалж өмгөөлүүлэхээр ариун цэвэр нэр төртэй хүн үү гэвэл үгүй ажээ. Учир нь түүнийг албан тушаалаас нь буулгах тухай гомдол дан ганц намын эрх ашиг эсвэл хууль зөрчиж, хүч түрж гаргасан шийдвэр гэхээс илүүтэй удаа дараагийн олон удаагийн давтамжтай хууль зөрчсөн үйлдлүүдээс эхтэй гэдгийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд явж буй олон баримтууд нотолж буй юм. Хамгийн ноцтой нь Е.Зангар нь тусгай хамгаалалттай газар нутгаас нэн ховор, улаан номд орсон цоохор ирвэс агнасан гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгуулж буйгаа нуун дарагдуулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай, Амьтны тухай хуулиас гадна Үндсэн хууль зөрчсөн ноцтой гэмт хэрэгт холбогджээ.
Мөн намын харьяаллаар төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлдөг атлаа өөрийн эргэн тойрны хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгож, төрийн албанд хууль зөрчин томилсон олон ноцтэй зөрчлийг гаргасан нэгэн аж. Угтаа, Баян-Өлгийд вант улсаа байгуулж, дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй түүний үйлдэл хэрээс хэтэрсэн учраас огцруулах бичиг ирж Ерөнхий сайд хуулийн хэд, хэдэн үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлөхөд хүрчээ.
Тухайлбал,
-Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргаар соёл урлагийн салбарт ажиллаж байгаагүй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Барырбекийн эхнэр Х.Айгүлийг томилсон
-Ойн албаны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мырзабекийг ажлын байрны шаардлага хангаагүй атал томилсон
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Жанботаг Төрийн хэмнэлтийн хууль зөрчин зөвлөхөөрөө томилж, төрөөс цалинжуулсан
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Ергенийг Орон сууцны корпорацийн захирлаар томилж, орон нутгийн төсвөөс цалин төсөв батлуулж өөртөө давуу байдал бий болгосон
-Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн төрсөн эгчийн хүргэн болох, эрүүгийн хэрэгт холбогдон 1.2 жилийн ял авч байсан Ө.Тиянахыг томилсон
-Эрүүгийн хэрэгт шалгуулж буй Дауиржан гэгчийг сонгуульд ажилласан урамшуулал болгон Эрүүл мэндийн газрын албан тушаалд хууль зөрчин томилсон гээд олон ноцтой баримтуудыг аймгийн иргэд хэлж ярьж байна.
Нэг үгээр хэлбэл, Е.Зангар гэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдаж буй этгээдүүдээр Баян-Өлгий аймгийн төрийн албыг дүүргэсэн бололтой.
Үүнээс гадна төсвөөс баталж өгсөн мөнгийг үр ашигтай төсөл хөтөлбөрт нь зарцуулж, тендер зарлуулж чадаагүйгээс үүдэн орон нутгийн төсөвт 8.2 тэрбумын хохирол учруулсан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төсвийг батлуулж чадахгүй орхигдуулсан гэх мэтээр олон ноцтой зөрчлүүдийг нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Ерөнхий сайдад албан бичгээр дуулгажээ. Тиймээс Засгийн газар баримтад үндэслэн огцруулсан атал эрүүгийн хэрэгт шалгагдаж буй этгээдийг АН-ынхан амь тавин хамгаалахын учир юу байв. Цааш, цаашдаа төрийн албыг илүү ёсзүйтэй, цензуртэй болгох ёстой гэдэгт санал нэгдэх ёстой атал цоохор ирвэс агнасан гэмт этгээдийг төрийн албанд суулгахын төлөө улайран тэмцэж буй нь гайхмаар. Е.Зангар гэгч этгээд Өлгийд вант улсаа бүрдүүлж байсныг таслан зогсоосонд нь харин ч Ерөнхий сайдад өлгийчүүд талархаж буй сурагтай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.